Венесуэл дэх АНУ-ын оролцоог шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-02 15:15:11

МОСКВА. /Xinhua/. “Венесуэлийн сөрөг хүчнийхний засгийн эрхийг авах оролдлогод Вашингтон дэмжлэг үзүүлж буй нь улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гарагт мэдэгджээ.


“Венесуэлийн сөрөг хүчин засгийн эрхийг авахыг оролдохдоо АНУ-аас дэмжлэг авсан нь “илэрхий” байсныг С.Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярих үеэрээ онцлон тэмдэглэсэн” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Мягмар гарагт Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдо Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагаахын тулд гудамжинд гарч жагсахыг Венесуэлийн ард түмэн болон цэргийн албан хаагчдад уриалсан юм.


С.Лавровын хэлснээр, зөвхөн Венесуэлийн ард түмэн л өөрсдийнхөө хувь заяаг шийдэх эрхтэй ажээ.


Нөгөө талаас, М.Помпео Венесуэлд тогтворгүй байдал үүсгэж байна хэмээн ОХУ-ыг шүүмжлээд, Н.Мадурод тусламж үзүүлэхээ зогсоохыг Москвад уриалсан тухай Төрийн департамент мэдээлжээ. 

Холбоотой мэдээ