Ш.Хавал: Тарваган тахлын сэжиг бүхий өвчнөөр нэмж өвдсөн хүн байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-01 23:20:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр багийн нутаг буюу Цагааннуур тосгоны хоёр иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилсөн хэрэг гарсан. Тухайн иргэдийн хувьд нэг гэр бүлийн хүмүүс байсан ба нөхөр нь энэ сарын 28-нд, эхнэр нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр /2018.05.01/ нас баржээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээр тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг зогсоогоод байна. Уг асуудлаар болон аймгийн Онцгой комиссоос авч буй арга хэмжээнүүдийн талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаас дараах тодруулгыг авлаа.


- Тус аймагт тарваган тахал байж болзошгүй өвчнөөр хоёр иргэн өвчилж нас барсан хэрэг гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Энэ сарын 28-ны өдөр Цагааннуур тосгоны нэг гэр бүлийн хоёр иргэн өвчилсөн асуудал гарсан. Нөхөр нь төрийн албан хаагч бөгөөд эхнэр нь оторт байжээ. Эхнэр нь өвдөж эхлэнгүүт эмнэлэгт дуудлага өгч, улмаар аймгийн төвд хүргэсэн байна. Харин гэртээ үлдсэн нөхөр нь бас өвдөж тэндээ нас барсан байна. Шинжилгээгээр яг ямар өвчин гэдэг нь одоогоор гараагүй байна. Тарваган тахлын шинжтэй буюу булчирхай өвдсөн, халуурсан гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн тул дээж авч дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Зоонозын өвчин судлалын төвд шинжилгээнд өгсөн байгаа. Эцсийн хариу хараахан гараагүй. Нян үржүүлэх шинжилгээ 72 цагийн дараа гардаг юм байна. Одоогоор 48 цаг болж байна.

- Шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл урьдчилсан сэргийлэх ямар арга хэмжээнүүд авч байна?

- Энэ хугацаанд аймгийн Онцгой комисс таван удаа хуралдсан. Халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тухайн газарт хэсэгчлэн болон бүхэлд нь хөл хорио тогтоох хуультай. Хуулийн дагуу зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаа.  Иргэдийн хувьд айж цочирдсон, сэтгэл зүйн дарамтад орсон асуудал байгаа тул аль болох тайван байж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, шаардлагыг дагаж хамтарч ажиллахыг хүсэж байна. Шинжилгээний хариу нааштай гарч, таамаг нотлогдохгүй бол хэсэгчлэн тогтоосон хорио цээрийн арга хэмжээг цуцлах болно.

- Дээрх хоёр иргэнээс өөр хүн нэмж өвдсөн үү?

- Тарваган тахлын сэжиг бүхий өвчнөөр нэмж өвдсөн хүмүүс байхгүй. Гадуур тарж байгаа цуурхлууд ор үндэсгүй тул тайван байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажлууд хууль журмын хүрээнд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зааврын дагуу голдиролоороо явж байна.

- Нас барсан иргэдийн төрөл садангуудын дундаас хэн нэг хүн өвдсөн тухай мэдээлэл гараад байна.

- Бид үүнийг тодруулсан, ташаа мэдээлэл байна.

- Нас барсан хүмүүстэй хавьтсан иргэдээс шинжилгээ авсан уу?

- Тэдний ойрын хамаатнуудыг нэгдүгээр хавьтал гэж үзээд тусгаарласан. Мөн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа.

- Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой Цагааннуурын боомтыг хаах уу? 

- Тус боомт өнөөдөр, маргааш амарч байгаа. Маргааш өдрийн 11 цагийн орчимд шинжилгээний хариу гарна. Аймгийн Онцгой комисс шинжилгээний хариуг үндэслэн дараагийн арга хэмжээнүүдийг хуулийн дагуу авна.

Холбоотой мэдээ