Г.Занданшатар: Ур чадварын боловсролын системийг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 16:43:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр МҮЭХ-ноос “Зохистой хөдөлмөрийн төлөө: Эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө, нийгмийн баталгаа” өдөрлөг зохион байгуулав.


Өнөөгийн байдлаар дэлхийд 3.3 тэрбум хүн  хөдөлмөр эрхэлдэг байна. Харин манай улсын хувьд, 2019 оны III сарын статистик мэдээгээр нэг сая гаруй хүн ажил эрхэлж байгаа бол идэвхтэй ажил хайж буй хүний тоо 31.8 мянга байгаа юм. МҮЭХ-ноос хөдөлмөрчдийн эрхийг хамгаалахад идэвхтэй ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж байна.


“Зохистой хөдөлмөрийн төлөө: Эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө, нийгмийн баталгаа” өдөрлөгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ. УИХ, Засгийн газраас ажил хөдөлмөр эрхэлж, шударгаар ажиллаж байгаа хөдөлмөрчдийн цалин хөлс, орлогыг нэмэхэд анхаарч байгааг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцолсон юм.


Тэрбээр, "Төрөөс бизнесийг бүх талаар дэмжиж, боловсролын салбарын чанарыг дээшлүүлэх, тэр тусмаа мэргэжлийн сургалт буюу ур чадварын боловсролын системийг цоо шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Тиймээс Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын 2019 оны намрын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Түүнчлэн УИХ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн зохицуулалтыг уян хатан болгох, хамрах хүрээг өргөтгөхөд ихээхэн анхаарсан. Мөн  хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тэнцвэржүүлэх, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмуудыг баримтлах зэрэг шинэлэг дэвшилттэй олон асуудал тусгасан. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, хэрэгжүүлэх хэлбэр, удирдлагын бүрэн эрхийг тодорхойлж оруулсан байна. Мөн ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг уян хатан зохицуулах асуудлыг судалж байна" гэлээ.

Холбоотой мэдээ