"С-400"-гийн асуудлаар ажлын хэсэг байгуулахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-30 10:55:50

АНКАРА. /TASS/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ ОХУ-ын "С-400" зенитын пуужингийн системийн нийлүүлэлтийн асуудлаарх санал зөрөлдөөнийг шийдвэрлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулахыг санал болгожээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд дурджээ.


Талууд Сирийн асуудлаар санал бодлоо солилцохын сацуу терроризмтай тэмцэх чиглэлд явуулж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн удирдагчид хоёр улсын худалдааны эргэлтийг 75 тэрбум ам.долларт хүргэх бодолтой байгагаа цохон тэмдэглэжээ.


“ОХУ-аас авах "С-400" систем нь тав дахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч "F-35" онгоцонд төдийгүй НАТО-гийн бусад системд аюул учруулахгүй гэдгийг батлах техникийн ажлын хэсэг байгуулахыг Туркийн эрх баригчид АНУ-д санал болгосон” хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу энэ сарын 3-нд НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн зөвөлгөөнд зориулсан бага хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


Оросын "С-400" зенитын пуужингийн системийг байрлуулсны дараа Туркийн эрх баригчид Америкийн "F-35" сөнөөгч онгоцыг эзэмших хөтөлбөрт дахин оролцох боломжгүй болохыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Туркийн эрх баригчдад өмнө нь анхааруулсан юм.

Холбоотой мэдээ