"Ачит Ихт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сархиа ууланд 15 сая төгрөгөөр мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-29 14:46:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ, “Ачит Ихт” ХХК 2018 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэн энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Өнгөрсөн онд “Ачит Ихт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сархиа ууланд 15 сая төгрөгөөр 100 ширхэг шилмүүст мод суулгажээ.

Мөн БОАЖГ-аас гаргасан саналын дагуу “Далиу” булгийн эхийг хамгаалан ойр орчмыг нь 20 сая төгрөгөөр тохижуулсан байна. Түүнчлэн Орхон аймагт зохион байгуулсан Химийн улсын олимпиадыг ивээн тэтгэж 18.4 сая төгрөг зарцуулжээ. Өнгөрсөн онд тус компани орон нутгийн 37 аж ахуйн нэгж, 28 иргэнтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авч 12 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангасан байна. 2018 оны гэрээний биелэлтийг хоёр тал “Хангалттай” хэмээн дүгнэлээ.

Энэ онд орон нутгийн тусгай хамгаалалттай Баян-Өндөр уулын баруун энгэрт буюу Даваат багийн гэр хорооллын ар талд 28.9 га талбайг хашаажуулж нэг метрээс дээш өндөртэй шинэс мод тарьж, усалгаа, арчилгаа, хамгаалалтыг бүрэн хариуцах гэнэ. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зэрэг найман ажил төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ