Химийн хорт болон аюултай бодис ашигладаг 15 ААНБ байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-26 17:39:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт уул уурхайн таван компани, судалгаа шинжилгээний лабораториуд, сургуулиуд гээд нийт 15 ААНБ химийн хорт болон аюулт бодисыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх ААНБ-ын алба хаагчдад зориулсан сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явууллаа. 

Өнгөрсөн онд аймгийн МХГ-аас дөрвөн ААНБ-д зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэж 12 сая төгрөгөөр торгожээ. Мөн тусгай зөвшөөрөлгүй химийн бодис ашиглаж байсан хоёр компанийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

МХГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн арга хэмжээ, хяналт шалгалтуудыг тогтсон хугацаанд хийдэг. Шалгалтын үеэр бодис агуулж буй агуулах нь шаардлага хангадаггүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, хорт бодистой ажиллах төлөвлөгөөг батлуулан дагаж мөрддөггүй зэрэг зөрчлүүд байдаг. Илэрсэн зөрчлийг арилгуулах хүрээнд хугацаатай албан шаардлага хүргүүлж, зохих заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Одоогоор аймгийн хэмжээнд ашиглалтын хугацаа дууссан устгах шаардлагатай 86 нэр төрлийн 64 тонн, 1100 литр химийн бодис хадгалагдаж байгаа аж. Эдгээрийг аюулгүй болгох, тусгай орчинд хадгалах зэрэг ажилд аймаг орон нутгийн зүгээс нэгдсэн бодлогоор дэмжиж хамтран ажиллах шаардлагатай байгаа. Үүний хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар тусгай ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч байгаа гэж МХГ-ын Байгаль орчны улсын байцаагч Э.Уугантуяа хэллээ.

Холбоотой мэдээ