Путин БНАСАУ-ын удирдагчтай "хангалттай дэлгэрэнгүй ярилцлаа"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-25 15:18:47

ВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ эхлэхийн өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай нүүр тулан уулзахдаа хэлэлцсэн сэдвүүдийнхээ талаар ярьжээ. 


"Бид дөнгөж сая хангалттай дэлгэрэнгүй яриа өрнүүллээ" гэж Оросын удирдагч хэлсэн байна.  


“Бид манай хоёр орны харилцааны түүхийн тухай, хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийг ярилцаж чадлаа” гэж Путин онцлон дурдсан байна. “Мэдээж хэрэг Солонгосын хойгийн байдлын талаар ярилцаж, нөхцөл байдлыг сайжруулахын тулд цаашид юу хийх хэрэгтэй вэ гэдэг талаар санал бодлоо солилцлоо” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.


Тэрбээр Москвагийн урилгыг хүлээн авч, ОХУ-ын хүрэлцэн ирсэнд Ким Жөн Унд талархлаа илэрхийлсэн байна.


Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Орос-Умард Солонгосын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ эхлэхийн өмнө үг хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй үр бүтээлтэй байдлаар эхлүүлсэн яриа хэлэлцээ нь цаашид энэ эрчээрээ үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.


Путин, Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн юм. 



Холбоотой мэдээ