Сувилагч нар баяраа угтаж спортоор ур чадвараа сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-23 14:33:28

Төв  /МОНЦАМЭ/. Олон Улсын сувилагч нарын баярт зориулсан спортын 4 төрөлт бүсийн тэмцээнийг Заамар суманд зохион байгууллаа.  

        Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Цээл, Угтаал, Эрдэнэсант зэрэг сумын баг тамирчид оролцсон байна. 

Гар бөмбөгийн тэмцээнд 1 дүгээр байрт Баянхангай, 2 дугаар байрт  Цээл, 3 дугаар  байрт Заамар сумын тамирчид оржээ.

Сагсан бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрт Баянхангай, дэд байрт Цээл, гуравдугаар байрт Эрдэнэсант, теннисний тэмцээнд Заамар, Аргалант, Угтаал сум тэргүүн байрт, шатрын тэмцээнд 1-р байрт Цээл, 2-р байрт Заамар, 3-р байрт Угтаал сум орж бусдыгаа тэргүүлж медалийн эзэд болжээ.

Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болжээ.

Тэрээр Английн иргэн бөгөөд “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч ажээ. 1850-иад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн ухааны ач холбогдол, үүргийг дэлхий дахинд таниулсан гавъяатай учраас энэхүү алдрын эзэн болсон ажээ.

Монгол Улсад сувилахуйн тусламжийг судлаачид монгол анагаах ухааны хөгжиж ирсэн 2500 жилийн түүхтэй холбон үздэг байна. 1870 оныг хүртэл Монголд эмнэлэг байгаагүй ч шавь сургалтаар багшийн эрдмийг өвлөсөн оточ, бариач нар энэхүү тусламжийг ард иргэддээ үзүүлж байжээ.

1995 оноос манай улс жил бүр энэ өдрийг "Сувилагчийн баяр" болгон тэмдэглэж, сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зохион байгуулах болжээ.

Өнөөдөр Монгол Улсад 11 мянга гаруй сувилахуйн мэргэжилтэн бэлтгэгдээд байгаа юм байна.

Сувилагч хүн гэдэг энэ дэлхийд мэндлэх нялхсыг өлгийдөн авахаас эхлээд, өтөл буурай болж насан эцэслэх өтгөсийг үдэх хүртэл амаргүй албанд цаг наргүй зүтгэн, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсолтгүй ажиллах үүрэг хүлээдэг цагаан гартай, цагаан халадтай ачтан билээ.

 

Холбоотой мэдээ