Хангайн бүсийн спортын салбарынхан зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-22 22:49:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ, БТСГ-ын санаачилгаар Хангайн бүсийн спортын салбарын сургалт зөвлөгөөнийг Баянхонгор аймагт зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Биеийн тамир спортын салбарын төлөөлөл 80 гаруй тамирчин, холбогдох албаны хүмүүс оролцож байгаа юм.

Хангайн бүсийн Спортын салбарын сургалт зөвлөгөөний нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, БСШУСЯ-ны БТСБГ-ын мэргэжилтэн О.Гэрэл, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар оролцов. Хангайн бүсийн спортын салбарынхан эдгээр өдрүүдэд биеийн тамир, спортын талаар төрийн баримтлах бодлогын талаар цогц мэдээлэлтэй болж, үйл ажиллагаа, арга барилдаа хэрхэн нэвтрүүлэх зэргээр өдөр тутмын ажилдаа зайлшгүй баримтлах олон төрлийн мэдлэг мэдээлэлтэй болж байгаа юм байна.

Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц "Баянхонгор аймаг нь сүүлийн жилүүдэд өөрийн орон нутагтаа улсын болон бүсийн тэмцээн уралдаануудыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Энэ ч утгаараа тамирчдынх нь чансаа, ур чадварт ахиц дэвшил гарч байгаа нь сайшаалтай" гэдгийг онцолж байна. Тэрээр аймгийн ИТХ, ЗДТГ-т спортод ямагт элэгтэй байж тамирчдын амжилт гаргах боломж нөхцөл бүрийг дэмжин ажилладагт талархал илэрхийлээд, Засаг дарга Г.Батжаргалд "Биеийн тамир спортыг дэмжигч шилдэг удирдлага" шагналыг гардуулсан байна.

Хангайн бүсийн спортын салбарын сургалт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.

Сонирхуулахад, Баянхонгор аймаг тамирчиддаа 2017 онд  83 сая, 2018 онд 71 сая, 2019 он гарсаар 10 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 

Холбоотой мэдээ