Х.Саранчимэг: Орхон аймагт таван эмнэлэг 2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-23 00:24:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой  анхаарах болсон. Үүний хүрээнд улсын хэмжээнд  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 шүдний эмнэлэг 2-12 насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон.

Орхон аймгаас нийт 10 эмнэлэг шалгарсан ч тав нь ЭМНД-тай гэрээ байгуулж үлдсэн нь татгалзсан байна. Энэ талаар аймгийн ЭМНД-ын тасгийн дарга Х.Саранчимэгээс тодрууллаа.

-Манай аймагт хэчнээн шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай аймагт шүдний 13 эмнэлэг байдаг. Үүнээс “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 10 эмнэлэг сонгон шалгаруулалтад ялж шалгарсан. Гэхдээ гэрээ байгуулах үйл явцад таван эмнэлэг татгалзсан.

-Ямар учраас гэрээ байгуулахаас  татгалзсан бэ?

-Иргэдэд үйлчлэх үйлчилгээ буюу гэрээний нөхцөл байдалтай санал нийлээгүй гэхэд болно. Учир нь Засгийн газраас уг хөтөлбөрийг батлахдаа нэг хүүхдэд 60 мянган төгрөг зарцуулна гэсэн төсөв гарсан.  Гэтэл бага насны хүүхдийн шүд багаар бодоход 6-7 шүд нь цоорсон байдаг. Ингэхээр 60 мянган төгрөгөөр амны хөндийг эрүүлжүүлэх боломжгүй гэж таван  эмнэлэг татгалзсан юм.

-Тэгвэл зөвшөөрсөн ямар, ямар эмнэлэг байна вэ?  

-“Хаш, Happy дент, Натурмед”, “Ганшунх, Эмаль гэсэн  таван эмнэлэг гэрээ байгуулсан. Эдгээр эмнэлэг 2-12 насны хүүхддийн амны хөндийг эрүүлжүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Ингэхдээ ЭМНДГ-аас өгсөн тусгай программын дагуу хүүхдүүдийн эцэг эхийнх нь бүртгэлийг тусгай машинд хурууны хээг нь уншуулж бүртгэлжүүлэн үзлэг хийнэ. Уг төхөөрөмжийг тухайн байгууллага худалдан авсанаар үйлчилгээ эхэлнэ.  

-Нэг эмнэлэгт хэдэн төгрөг гэж тооцолж байгаа вэ?

-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогийн байдлаар нэг эмнэлэгт яг тэдэн төгрөг гэж заах боломжгүй. Гэрээний нөхцөл дээр гүйцэтгэлээр гэсэн заалт байгаа. Энэ нь тухайн эмнэлэгт хэчнээн хүүхэд үйлчлүүлсэн байна, түүнээс нь хамаарч санхүүжилтыг олгох юм. 

Холбоотой мэдээ