Зөвшөөрөлгүй хашаа, хайс, зарын самбарыг буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-18 17:24:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах ажлыг эхлүүлжээ. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, “Өнөөдрийн байдлаар бид иргэд болон холбогдох байгууллагаас ирсэн санал, хүсэлтийн дагуу явган хүний зам талбай хаасан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг обьектыг судалж, эхний ээлжинд 30 байршилд газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Түүний 25 байршилд нь газар чөлөөлж, явган зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болголоо. Цаашид ч иргэдийн санал, хүсэлтийг албан ёсны вэбсайтаараа хүлээж авна. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлөх судалгаа гаргаад байна. Газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулж, мэргэжлийн байгууллага, иргэдийн саналыг авч төвийн хэсэгт хорооллын дунд болон зуслан, гэр хорооллын газарт авто замын орц, гарц хаасан байршил, эзэмшил, ашиглалтад байгаа газруудаа дур мэдэн нэмж, зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг шинэчлэн гаргаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна” хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын журмын дагуу холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг. ИТХ-ын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2,3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон  Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байрлуулж болно гэсэн журамтай. Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллага холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбар тавьсаар байна. Тиймээс журам зөрчсөн зарын самбаруудыг бид өнгөрсөн долоо хоногоос эхлэн буулгасан. Цаашид ч мөн дурдсан байршилд тавьсан самбаруудыг буулгана” гэв.

Түүнчлэн иргэд зам чөлөөлөх тухай санал, хүсэлтээ http://gazar.ub.gov.mn/ гэсэн Нийслэлийн газрын албаны вэбсайтад бичих боломжтой юм.

 

Холбоотой мэдээ