“Сэтгэлийн анир” сэтгэл зүйн боловсрол олгох төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-18 10:19:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Сэтгэл зүйн боловсрол олгох “Сэтгэлийн анир” төсөл Орхон аймагт хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн онд 8-12 дугаар ангийн 6000 гаруй сурагчид “Сэтгэлийн анир” төслийн баг сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, мэдээлэл өгч 1000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй ганцаарчилсан зөвлөгөө өгчээ. 

Мөн 4000 гаруй сурагчаас гэр бүл дэх сэтгэл ханамж, бэрхшээлийг даван туулах хандлага, стрессийн түвшин, зан төлөв, сэтгэл гутрах эмгэгийн талаар судалгаа авсан байна. Судалгааны дүнд гурван хүүхэд тутмын нэг нь стресс болон сэтгэл гутралтай, таагүй мэдрэмжээ давах туулахын тулд хяналтгүй хооллох зуршилтай, гэр бүл дэх сэтгэл ханамж нь дунджаас доогуур үзүүлэлттэй гарчээ. Иймд аймгийн ЗДТГ-аас Нийгмийн Эрүүл мэндийн төвд “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-ийг нээж хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Төслийн хоёр дахь үе шатыг энэ оны есдүгээр сараас эхлүүлж төрийн 21 байгууллагын ажилтан, албан хаагчдад гэр бүлийн боловсрол олгох сургалт, сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч судалгаа, мэдээлэл цуглуулж байна. Үүний хүрээнд төслийн баг аймгийн ЗДТГ-т 14 хоногийн хугацаатай ажиллаж байна.

“Сэтгэлийн анир” сэтгэл зүйн боловсрол олгох төслийг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү санаачилж сэтгэл зүйч, гэр бүл судлаач, наркологийн эмчээр баг бүрдүүлж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

 

Холбоотой мэдээ