"Багш дуулж байна" уралдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-04-18 12:07:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулсан “Багш дуулж байна” уралдааны 2-р шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймагт БСУГ үүсгэн байгуулсаны 60 жилийн ойг ирэх 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө баталжээ. Энэхүү төлөвлөгөөнд багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагч хүүхдүүдийнхээ дунд авъяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахаар тусгасан аж.

Энэ ажлын нэг болох “Багш дуулж байна” аймгийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Уралдааны дууны төрлийг сонгохдоо эх орон газар нутгаа магтан дуулсан байх мөн аав, ээж, ажил мэргэжлийн онцлогийг харуулсан дуунууд байна гэж заажээ. Ингээд тэмцээний нэгдсэн дүн гарахад тэргүүн байрт Аав ээжийн захиа” дуугаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-ийн дизайн технологийн багш З.Ууганзаяа шалгарч, “Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ” дуугаар Зүүнбүрэн сумын ЕБС-ийн түүх газар зүйн багш Н.Мөнхнасан, “Аавдаа баярлалаа” дуугаар Хүдэр сумын ЕБС-ийн багш Г.Хулан нар удаах байруудад шалгарчээ. Харин уралдааны тусгай байрт Алтанбулаг сумын ЕБС-ийн бага ангийн багш Б.Шүрхүү, Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгийн багш Э.Энхмаа нар шалгарч уралдааны шилдгүүд болжээ.

“Багш дуулж байна” уралдааны эхний шатыг өнгөрсөн 3 дугаар сард 5 бүсэд хуваан явуулж, нийтдээ 150 гаруй багш нар оролцон бүсийн шилдгүүдээ тодруулсан. Харин энэ удаа таван бүсээс шалгарсан багш нарын шилдгийг тодруулах шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар хотноо боллоо.

Холбоотой мэдээ