“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “ЭКГ-12К” маркийн экскаваторыг анх удаа угсарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-16 15:42:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаваторыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ угсарч Ил уурхайд  ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12 шоо метр шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон  уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь нэг сарын өмнө амжилттай угсарч дуусчээ.

ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “ОХУ-ын нэр хүндтэй компанийн ЭКГ-12К экскаваторыг Монгол Улсад анх удаа угсарлаа. Энэ экскаватор бол хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн загвар юм. Экскаваторыг ашиглалтад оруулснаар Ил уурхайн найдвартай ажиллагаа болон хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Өмнө нь ажиллаж байсан экскаваторуудаас бүтээмжийн хувьд 20 хувь дээгүүр, цахилгаан зарцуулалтын хувьд 30 хувиар бага, орчин үеийн хяналтын болон аюулгүй байдлыг хангасан системээр бүрэн тоноглогдсон уулын техник юм”  гэж онцолсон юм.

Мөн энэ үеэр ОХУ-ын “Из Картекс” компанийн Худалдаа эрхэлсэн захирал Ганин Андрей Романович “ЭКГ-12К  экскаватор жолоодох Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн машинч, туслахуудад компанийнхаа гарын бэлгийг гардуулж ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. Шинэ экскаватор угсрах ажлыг Ил уурхайн уулын, цахилгаан, засварын ажлын хэсгээс  бүрдсэн 26 ажилтан өөрсдийн хүчээр, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.

Мэргэжлийн өндөр ур чадвар гарган тус экскаваторыг хугацаанаас нь өмнө амжилттай угсарсан нэр бүхий 10 уурхайчинд үйлдвэрийн удирдлагууд баяр хүргэж, 30 сая төгрөгийн урамшуулал олголоо.

 

Холбоотой мэдээ