Гэрэл зурагт анх удаа буулгасан хар нүхийг “Powehi” хэмээн нэрлэв

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-04-13 16:26:18

НЬЮ-ЙОРК. /TASS/. Түүхэнд анх удаа гэрэл зургийг нь авсан хар нүхийг “Powehi” гэдэг Хавай нэрээр нэрлэсэн тухай телевизийн CNN суваг мэдээлэв.


Утгыг нь хөрвүүлбэл “хязгааргүй бүтээлийн харанхуй эх үүсвэрийн чимэглэл” гэх утгатай уг нэр нь Хавайн ардын аман зохиолоос гарал үүсэлтэй байна. Тодруулбал, замбуулинг бүтээх тухай өгүүлдэг 18 дугаар зууны үеийн “Kumulipo” хэмээх магтаал дуунд гардаг аж. "Хэл шинжлэлийн энэ олдворыг" Хило хотын Хавайн их сургуулийн эрдэмтэн Ларри Кимура олж нээсэн байна. Хар нүхний зургийг авч чадсан найман радио дуран авайн хоёр нь Хавайд байдгийг харгалзан үзвэл ийм гарал үүсэлтэй нэр өгөх нь үндэслэлтэй гэж CNN сувгийн мэдээнд онцолжээ.


Хар нүхний зургийг эрдэмтэд лхагва гарагт олон нийтэд үзүүлсэн билээ. Тэд дэлхийгээс 53.5 сая орчим гэрлийн жилийн зайтай оршдог M87 галактикийн хар нүхний зургийг АНУ, Мексик, Чили, Испани болон Франц улсын найман огторгуйн дуранг нэгтгэсэн “Event Horizon Telescope” төслийн хүрээнд авсан байна.


Уг төслийг дэлхийгээс 26 мянган гэрлийн жилийн зайтай оршдог Сүүн замын төв дэх хэт хүнд масстай хоёр хар нүх /SgrA*/ болон олон нийтэд зургийг нь үзүүлсэн хар нүхийг ажиглах зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. SgrA* нь нарнаас 4 сая дахин хүнд масстай бол M87 галактикийн хар нүхний масс нь янз бүрийн тооцоогоор, нарны массаас 3.5-7.22 тэрбум дахин их байна.


Ажиглалтыг 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн явуулсан боловч хүлээж авсан мэдээллүүдийг боловсруулахад хоёр жилийн хугацаа шаардагджээ.


Холбоотой мэдээ