ЖДҮХС-гаас 300 сая төгрөгөөс дээш зээлийг банкаар авахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-11 18:19:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар, 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн шилэн системээр олгох санал гаргасныг гишүүд 100 хувь дэмжив.


Дээрх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Ж.Ганбаатар, ЖДҮХС-гаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэхээр болсныг гишүүдэд танилцуулсан юм.


ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын төслийн талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав. 

Тэрбээр, танилцуулгадаа, журмын төслийг одоо мөрдөгдөж байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль болон УИХ-аар хэлэлцэх Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нийцүүлэн боловсруулсан. ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын төсөлд зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал,

  • төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгох,
  • төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагын төлөөлөл нэг байсныг гурав болгон нэмж, хөнгөлөлттэй зээлийг дамжуулах арилжааны банкинд тавигдах шаардлагыг тодорхой болгох,
  • жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авахад тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр нь салгах,
  • төсөл хүлээн авах хугацааны товыг тодорхой болгох,
  • жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх зэрэг шат бүрийг нь нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ. 

Мөн зээл авсантай холбогдуулан байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус сангаас олгосон зээлийн даатгалыг нарийвчлах, цахим хэлбэрт шилжүүлж хялбаршуулах, эцсийн шатны сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болгох, онооны системээр дүгнэх, зээлд хамрагдахгүй байх тохиолдол бүрийг нэг бүрчлэн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдав.


Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, тус яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Холбоотой мэдээ