Их-Уулын Эрүүл мэндийн төвөөс 640 гаруй удаагийн сувилахуйн үйлчилгээг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-10 22:34:24

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Их-Уул сумын эрүүл мэндийн төвөөс "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" нэртэй нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 140 гаруй иргэнд нэг дор өгчээ.

Энэ үеэр эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд долоон өртөөнд хуваагдан ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг газар дээр нь үзэх, зарим тохиолдолд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлжээ. Тухайлбал биеийн жин, өндөр үзэж БЖИ тодорхойлох, артерийн даралт үзэж зөвлөгөө өгөх, халдварт бус өвчний илрүүлэг цусанд сахар үзэх, В,С вирусийн шинжилгээ авах, сувилахуйн тусламж үйлчилгээ, 30-60 насны зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийн судалгаа авах, ундны усны савны хэрэглээ, гар угаах дадлын судалгаа гэхчлэн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.

Давхардсан тоогоор 640 гаруй удаагийн сувилахуйн тусламж үйлчилгээг нэг өдөр үзүүлсэн аж. Түүнчлэн энэ үеэр ус ба эрүүл мэнд, гараа зөв угаах ба зөв зохистой хооллоё, эмэгтэйчүүд ба эрүүл мэнд сэдвээр зөвлөгөө өгч, гарын авлагуудыг иргэн бүрт тарааж өгчээ. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, цагаан хоолны амталгаат үзэсгэлэнг 24 нэр төрлөөр хийж мацаг барих, цагаан хоолны ач тус, давсны хэрэглээг бууруулах зэрэг зөвлөгөөг иргэдэд өгсөн байна

Холбоотой мэдээ