Гадаадаас авдаг ажилчдыг 50 хувь цөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-04-09 12:25:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Туушин” зочид буудалд “Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо.


Тус хэлэлцүүлгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Европын холбооны хэрэгжүүлж байгаа “Ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулсан юм.


Хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж хэлэхдээ “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх болон “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасан дотоодоос ажиллах хүч нийлүүлэх боломжтой ажлын байранд дотоодын ажиллах хүчийг авч ажиллуулсны дараа гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, гадаад иргэнийг ажиллуулж байгаа ажил олгогчид ногдуулдаг ажлын байрны төлбөрийг эрэлт хэрэгцээнээс хамааруулан уян хатан тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах хяналтын тогтолцоо, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тогтоох зорилгоор Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулсан” гэдгийг онцолсон юм.


Мөн ХНХЯ Япон улстай “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх” хамтын ажиллагааны, БНСУ-тай “Ажиллах хүч илгээх” санамж бичгүүд байгуулсан бол энэ сард Японтой ажиллах хүч илгээх талаар хэлэлцээр байгуулахаар бэлтгээд байгаа аж. Сайд, АНУ, Австрали болон бусад оронтой ажиллах хүч солилцох талаар гэрээ, хэлэлцээр байгуулах боломжит үндэслэл байгааг ч хэлж байв. Хуулийн шинэчлэлээр гадаадаас ажиллах хүч авах хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой зохистой хослуулах, хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэднийг эх орондоо эргэн ирэхийг дэмжих нөхцөлийг бий болгох нь чухал гэдгийг С.Чинзориг сайд хэлсэн юм.

 

Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахтай уулзаж БНСУ-д ажиллах хүч гаргаж байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “БНСУ-аас ажиллах хүч авах эрэлт жил ирэх тусам багасаж байгаа. Өнгөрсөн онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ХХҮЕГ/-аас 784 хүнийг 3 жилийн хугацаатай БНСУ-д ажиллуулахаар албан ёсоор зуучилсан. Тэдний 81 нь эмэгтэй хүн байгаа. Гурван жил ажилласан хүнд өөрсдийн хүсэлтээр нь дахин 1 жил 10 сар ажиллах эрх олгодог. Манай улсаас БНСУ-д ажиллах хүч гаргахад зуучилдаг албан ёсны ганц байгууллага бол ХХҮЕГ юм. Өнөөдөр энэ байгууллагын зуучлалаар БНСУ-д ажиллаж байгаа 6140 хүн бий. БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ оны хувьд 2019 оны гуравдугаар сард цахимаар явуулсан бөгөөд 7 мянга гаруй хүн бүртгүүлж, тэднээс солонгос хэлний ерөнхий шалгалт авсан” гэлээ.


Энэ өдөр зохион байгуулсан “Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний хууль тогтоомжийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийн оролцогчдыг "Ажиллах хүч авах", "Ажиллах хүч гаргах", "Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт" гэсэн 3 бүлэгт хувааж Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд тэднээс гаргасан санал дүгнэлтийг төсөлд тусгахаар болжээ.

Холбоотой мэдээ