Аризона, Юта болон Айдахо муж улсад ерөнхийлөгчийн сунгаа болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-22 11:32:57

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч тодруулах сунгаа өнөөдөр тус улсын баруун нутгийн муж улсуудад болно. Аризона, Юта болон Айдахо муж улсад Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сунгаа болох бол Америкийн Самаод Бүгд найрамдах намын сонгогчид бага хурлаа зохион байгуулна.

Ерөнхийлөгчийн сунгаагаар энэ оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчдийг тодруулах хоёр намын их хурлуудад оролцох төлөөлөгчид нэр дэвшигчдийн хэнд нь саналаа өгөх вэ гэдэг асуудал шийдэгдэнэ. Аризона муж улсад санал хураах эхний байрууд орон нутгийн цагаар 06 цагт нээгдэнэ. 

Аризонад Клинтон, Ютад Сандерс ялах магадлалтай

Ардчилсан намаас нэр дэвшигчид болох Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс нарын хувьд намын их хуралд 85 төлөөлөгчөө илгээдэг Аризона муж улс хамгийн том шагнал болно. Судалгааны “Merrill Poll” албанаас тус муж улсад хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Ардчилсан намын сонгогчдын 50 хувь нь Клинтоныг дэмжихэд бэлэн байгаа бол Сандерсыг дэмжигчдийн тоо 24 хувьтай байна. Харин намын их хуралд 37 төлөөлөгчөө оролцуулах Юта муж улсад явуулсан “Desert Poll” албаны санал асуулгын дүнгээр Сандерс 52 хувийн саналтайгаар тэргүүлсэн бол Клинтоныг 44 хувь нь дэмжихэд бэлэн байгаа аж. Тэгвэл Айдахо муж улсад Сандерсыг 47 хувь нь, Клинтоныг 45 хувь нь дэмжихэд бэлэн байна. Тус муж улсаас 27 төлөөлөгч намын их хуралд оролцоно.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлэхийн тулд Пенсильвани муж улсын Филадельфи хотод долдугаар сарын 25-28-нд болох намын их хуралд оролцох 2383 төлөөлөгчийн дэмжлэгийг заавал авах ёстой. “New York Times” сонины тооцоолсноор, Клинтон зайлшгүй авах ёстой саналынхаа бараг тал гаруй хувийг буюу 1606 дэмжлэгийг хэдийн авсан бол Сандерс  851 төлөөлөгчийн дэмжлэгийг авчээ.

Юта муж улсад анх удаа интернэтээр саналаа өгөхийг зөвшөөрнө

Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчид болох тэрбумтан Дональд Трамп, Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз, Огайо муж улсын захирагч Жон Кейсик нар нийтдээ 107 саналын төлөө өрсөлдөнө. “Merill Poll”-ийн явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Трамп Аризонад ялах магадлал илүү өндөр байна. Түүнийг тус муж улсад Бүгд Найрамдах намын сонгогчдын 31 хувь нь дэмжихэд бэлэн байгаа бол Трампын гол өрсөлдөгч болох Крузыг 19 хувь нь, харин Кейсикийг 10 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Тэгвэл Юта муж улсад нөхцөл байдал огт өөр байна. “Y2 Analytics” бүлгийн явуулсан санал асуулгын дүнгээр, Тед Крузыг дийлэнх нь буюу 53 хувь нь дэмжихэд бэлэн байгаа бол Кейсикийг 29 хувь нь, харин Трампыг ердөө 11 хувь нь дэмжинэ гэсэн байна.  Энэ жил Юта муж улсад болох ерөнхийлөгчийн сунгаанд уламжлалт саналын хуудас бөглөхөөс гадна, интернэтээр саналаа өгөхийг зөвшөөрчээ.

“New York Times” сонины тооцоолсноор, Трамп одоогоор намын их хуралд оролцох төлөөлөгчдийн 673 саналыг аваад байгаа бол Круз 411, Кейсик 143 дэмжлэг авчээ. Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихийн тулд Огайо муж улсын Кливленд хотод долдугаар сарын 18-21-нд болох намын их хурлын төлөөлөгчдийн 1237-гийнх нь дэмжлэгийг авах ёстой.

Трамп, Клинтон хоёрын сонгуулийн кампанит ажлын зардал бараг адилхан байна

Санал хураахын өмнө нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажилдаа хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан талаар мэдээлжээ. АР агентлагийн мэдээлснээр, Трамп 33 сая доллар зарцуулсны 9 саяыг нь хоёрдугаар сард зарцуулсан байна. Энэ мөнгөний ихэнхийг нь буюу 24 саяыг нь тэрбээр хувиасаа гаргасан бол 9 сая орчмыг нь түүний улс төрийн дэмжигчид цуглуулжээ. Харин Клинтон энэ хугацаанд 31 сая орчим доллар зарцуулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ