Фейсбүүкээр хүүхдэд хүрэх мэдээлэлд “шүүлтүүр” тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-02 12:45:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн сүлжээ буюу фейсбүүк орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, сөрөг мэдээллийг зогсоох зорилгоор өнөөдөр “Фейсбүүк” групп, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ) хамтран “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум зохион байгуулав.


Монгол Улсын 2.2 сая иргэн фейсбүүкийг тогтмол хэрэглэдэг бөгөөд энэ нь нийт хүн амын 67 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Уг үзүүлэлтээрээ Монгол Улс Ази тивд тэргүүлж байна гэсэн судалгааг ХХМТГ гаргажээ. Фейсбүүк нь бусадтай харилцаа, холбоо тогтоох, мэдээлэл солилцох, ашиг олох зэрэг олон давуу талтай хэдий ч хуурамч хаяг нээж бага насны хүүхдийг гэмт хэрэгт уруу татах, бусдын нэр хүндэд халдах, гутаан доромжлох талбар болж байна. Тиймээс цахим орчны хэрэглээг хязгаарлах, хуурамч хаягуудыг устгах шаардлагатай байгааг форумд оролцогчид хэлж байлаа.


Бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, гүтгэсэн, садар самуунд уруу татсан агуулгатай нийтлэл, материал цацдаг хуурамч хаягуудыг нэн даруй устгадаг болох талаар “Фейсбүүк” группийн удирдлагуудад санал хүргүүлэх болсныг УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хороо (ЦБТХ)-ны дарга Н.Учрал хэллээ.


Batbayar Nadmid-н зураг.

Тэрбээр, “УИХ-ын зарим гишүүн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Гэхдээ ЦБТХ энэхүү хуулийн төслийг дэмжихгүй. Томоохон цахим хуудас, нийгмийн сүлжээг хаах нь буруу. Харин цахим орчинд зохист хэрэглээг бий болгох УИХ-ын тогтоол батлах нь зөв. Энэ тогтоолоор ХХМТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос цахим орчинд тавих хяналт, эрх, үүргийг тодорхойлох юм. Мөн ХХЗХ-ны зохицуулах хорооны дэргэд Гомдол хянан шийдвэрлэх олон нийтийн зөвлөл ажиллуулна. Ингэснээр иргэд тус хороонд бусдын нэр хүндэд халдсан хуурамч хаяг, хуулийн этгээдийн талаар мэдээлэл өгч, хариуцлага хүлээлгэдэг байх тогтолцоо бүрдэх юм. Түүнчлэн боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, багш, эцэг эхчүүдийг цахим орчинд хүүхдийг эрхийг хамгаалах талаар мэдлэг, мэдээллээр хангадаг болох хэрэгтэй. Харин ЦБТХ-ноос Нийгмийн сүлжээнд хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгийг хэрхэн хийх, нийт цагийнхаа хэдэн хувийг хүүхдийн хөгжилд зориулах зэрэг зохицуулалт тусгана. Энэхүү хуулийн төслийг “Фейсбүүк” группийн төлөөлөгчдөд танилцуулахаар төлөвлөж байна” гэлээ.


Batbayar Nadmid-н зураг.

“Фейсбүүк” группийн Хонконг, Тайвань, Монгол Улсууд дахь бодлого хариуцсан захирал Жорж Чен, “Манай группийн хувьд, хэрэглэгч бүрийн аюулгүй байдал маш чухал. Тиймээс бид улс орон бүрийн хууль, эрхүйн орчинтой ажил үйлсээ уялдуулахыг зорьдог. Фейсбүүкийг 13 болон түүнээс дээш насны хүүхэд ашиглах боломжтой. Тиймээс эхний ээлжинд Монгол Улсын ерөнхий боловсролын 20 сургуульд “Дижитал бичиг үсэгтэн” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийгмийн сүлжээн дэх хаяг, түүнд нэвтрэх нууц үгээ хэрхэн хамгаалахаас эхлээд цахим орчинтой холбоотой бүх л мэдлэг, мэдээллийг сурагчдад олгох болно. Түүнчлэн энэ долоо хоногт ХХМТГ, ХХЗХ-ны удирдлагуудтай уулзалт хийж, цахим орчны аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ. Үүний дараа Монгол Улсаас Фейсбүүк групптэй шууд харилцах суваг гаргаж өгөх юм. Энэ сувгаар хуурамч хаяг хаахаас эхлээд бусад асуудлаар шуурхай хамтран ажиллах юм" гэв.


Монгол Улсын хэмээнд 700 мянга гаруй хүүхэд ухаалаг буюу IOS, Android үйлдлийн системтэй гар утсаар фейсбүүкт нэвтэрдэг байна. Тиймээс ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг 2019-2020 онд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний дараа тухайн дугаараар фейсбүүк нэвтрэхэд бага насны хүүхэд үзэхэд тохиромжгүй, сөрөг мэдээлэл очих боломжийг хязгаарлах шүүлтүүрийн программ суулгах аж. Ингэснээр хүүхдүүд зөвхөн эерэг мэдээ, мэдээлэл авахаас гадна гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан онцлов.


Дэлхийн нийт хүүхдийн 35-40 орчим хувь нь фейсбүүк ашигладаг байна. Зарим улс оронд эцэг эхчүүдийн мэдээллийн технологийн мэдлэг хүүхдүүдийнхээсээ муу байна гэсэн судалгааг НҮБ гаргажээ.


Batbayar Nadmid-н зураг.

Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Цахим орчны хүүхэд хамгаалал хариуцсан зөвлөх Б.Болорсайхан, “НҮБ-ын Хүүхдийн сангаас улс орнуудад хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байгааг судлан, тайлан гаргадаг. Хамгийн сүүлд гаргасан тайланд “Цахим орчин дахь хүүхэд нас” сэдвийг онцолсон. Одоо бол цахим хэрэглээ хүүхдүүдийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Үүнийг эцэг эхчүүд ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Сургуульд элсэх боломж хомс, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдэд цахим орчин бусадтай харилцах, мэдээлэл авах, нийгэмших зэргээр өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог. Гэхдээ эцэг эхийн хяналтгүйгээр хүүхэд цахим орчинд чөлөөтэй нэвтэрснээр гэмт хэргийн золиос болох магадлалтай байгаа. Тэгэхээр хүүхдийнхээ хөгжих боломжийг бүрдүүлэхээс гадна аюулгүй байдлыг хамгаалах шаардлага тулгарч байна. Цахим орчинд хүүхдийг хамгаалахад зөвхөн төр, эцэг эхчүүд анхаарлаа хандуулдаг байсан бол одоо хувийн хэвшил оролцдог жишиг дэлхий нийтэд тогтож байгаа. Хувийн хэвшил бол ашиг олох сонирхолтой. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг компанийнхаа бодлогод тусгаснаар хэрэглэгчээ ч татах боломж өсдөг гэдэгт анхаарлаа хандуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, интернетийн үйлчилгээ эрхэлдэг компани сөрөг мэдээллийг хаасан, хүүхдийг зөв хөгжүүлэх мэдээ, мэдээллээр хангасан үйлчилгээ хүргэх боломжоо эцэг эхчүүдэд сурталчлан, хэрэглэгчээ татаж байна. Мөн зарим улс оронд цахим сүлжээнд нэвтрэхдээ хурууны хээ эсхүл царай таних систем буюу био мэдээллээ ашигладаг байх талаар судалгаа явуулж байгаа. Энэ нь хуурамч хаяг нээх, сөрөг мэдээлэл түгээхийг таслан зогсоох боломж хэмээн харж байгаа юм” гэлээ.

Холбоотой мэдээ