Японы аюулгүй байдлын шинэ хууль 29-нөөс хэрэгжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-22 10:04:22

ТОКИО. /NHK/. Японы үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль гуравдугаар сарын 29-нд хэрэгжиж эхэлнэ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр Япон өөрийгөө хамгаалах эрхээ эдлэх юм. Мөн хилийн чанад дахь Өөрийгөө батлан хамгаалах хүчний үйл ажиллагааг өргөжүүлэх эрхтэй болно.

Өнгөрсөн есдүгээр сард Японы парламентын баталсан уг хуулийн хэрэгжиж эхлэх өдрийг сайд нарын хуралдааны үеэр товлосон байна. Уг хуультай холбогдох 26 тогтоолыг сайд нар мөн шинэчлэн баталжээ.

Өөрийгөө батлан хамгаалах хүчнийг удирдах дүрэм, журам өөрчлөгдсөнөөр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд командлагч илгээх эрхийг тус хүчин эдлэх юм. Гэвч хууль хэрэгжиж эхэлсний дараа Өөрийгөө батлан хамгаалах хүчинд шинэ даалгавар өгөхдөө болгоомжтой хандахаар Засгийн газар төлөвлөжээ.

НҮБ-ын баазыг хамгаалах ажиллагаанд оролцох болон НҮБ-ын энхийг сахиулагчдыг хамгаалахдаа зэвсэг ашиглах эрхийг Өмнөд Судан дахь Өөрийгөө батлан хамгаалах хүчний албан хаагчдад олгох эсэхийг Японы Батлан хамгаалах яам сайтар хэлэлцэх ажээ. Шийдвэр намраас нааш гарахгүй.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ