Дэлхийн цагийн ёслол өнөөдөр болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Эх дэлхийн цаг-2019” ёслолыг дэлхийн улс орнуудын адилаар манай улс өнөөдөр тэмдэглэж байна. Гуравдугаар сарын 30 буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар/ үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ.
Д.Сүхбаатарын талбайд болох ёслолыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Скаутын холбоо, хөлбөмбөгийн “Дэрэн” баг хамтран зохион байгуулж байна. Ёслолын үеэр, 20:30 - 21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай тойрсон гэрлийг унтраана. Мөн талбай дээр урлагийн тоглолт болж, хуванцрын хор хөнөөлийн талаар таниулах юм. Сүхбаатарын талбайд ирж амжихгүй иргэд гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болно гэдгийг зохион байгуулагчид хэлэв.
Тус ёслолд, манай улс 2010 онд анх удаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцож байна. Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгджээ. Энэ удаад “Хуванцраас татгалзъя” уриаг дэвшүүлж байгаа нь Засгийн газраас 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж хориглосонтой уялдаж байна.
Монгол Улсын хэмжээнд, жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал ачиж зайлуулдгаас 976 мянга тонн нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг. Үүний 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна. Нийслэл хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягддаг. Үүнээс 156 000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байдаг аж. Иргэд энэ хэрэглээгээ багаснаар "Эх дэлхийн цаг" хөдөлгөөнд оруулж буй бодит хувь нэмэр гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.