Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50,5 хувьтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-29 18:05:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.03.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн барив. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай гарчээ.  

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 2018 оны байдлаар нэгтгэсэн байна. 

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрт үндэслэн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Монгол Улсын Засгийн газар тодорхойлсон байдаг. Тус хөтөлбөрийн гол зорилт бол, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, нийгмийн салбаруудыг дэмжин, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулах юм. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. 

Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогын чиглэлээр нь авч үзвэл:

• Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого- 56.2 хувь

• Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого- 41.9 хувь

• Нийгмийн бодлого- 51.1 хувь

• Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого- 48.0 хувь

• Засаглалын бодлого- 55.4 хувийн хэрэгжилттэй байгаа юм байна. 

Холбоотой мэдээ