Сүхбаатар Эрчим компани онлайн системд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-29 10:47:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарлажээ. Жилийн ажлын хүрээнд "Сүхбаатар эрчим компани" онлайн системд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч эрчим хүчтэй холбоотой үйлчилгээнүүдийг цахим орчноос авах боломжтой болсон аж.

"Онлайн системд шилжсэнээр үйлчилгээ хэрэглэгчдэд илүү нээлттэй болж, хэрэглэгч өөрийнхөө төлбөрийн хэмжээг хэзээ ч, хаанаас ч харах боломжтой төдийгүй өөрийн тоолуурын заалтаа хянах боломжтой.

Хэрэглэгчид цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрөө интернет банк ашиглан төлдөг ч төлбөрийн баримтаа авахын тулд банк болон компани дээр дугаарладаг байдал хэвээр байгаа.

Тэгвэл энэхүү онлайн системээр төлбөрөө төлснөөр баримтаа шууд авах боломж бүрдсэн. Нөгөө талаар хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нарийн статистикаар харуулсан учир хэрэглэгч өөрийн хэрэглээгээ хянана. Ингэснээр эрчим хүчний зөв зохистой хэрэглээг дадал болгоно" гэж Сүхбаатар эрчим компанийн бичилтийн техникч В.Даваадорж ярив.

Онлайн системийг ашиглан эрчим хүчтэй холбоотой өргөдөл гомдол, гэрээний мэдээллээ авах боломжтой төдийгүй хэрэглэгч эрчим хүчний гэрээ байгуулснаас хойш хугацааны хэрэглээ болон төлбөрийн хуулгатайгаа танилцах  боломжтой аж.

 

 

 

Холбоотой мэдээ