Хойд Каролинаг Израилд өгөхийг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-28 11:46:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хойд Каролина муж улсыг Израилд өгөхийг НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари АНУ-д санал болгожээ.


“Яагаад Хойд Каролинаг Израилд өгч болохгүй гэж? Израилийг дэмжих хүсэлтэй байгаа бол хэд хэдэн муж улсаа Израилд бэлэглэчихгүй юу. Голаны өндөрлөг бол Сирийн нутаг дэвсгэр” хэмээн тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр хэлжээ. 


Израил улс Голаны өндөрлөгийг хянах бүрэн эрхтэйг хүлээн зөвшөөрсөн тунхагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Вашингтон хотод даваа гарагт хийсэн хэлэлцээний үеэр гарын үсэг зурсан билээ. 


Нэг талыг баримталсан ийм үйлдлийг эсэргүүцэж буйгаа зөвхөн Сири төдийгүй Арабын болон лалын шашинт орнууд, ОХУ, Европын орнууд, Герман, Франц зэрэг АНУ-ын холбоотон улсууд илэрхийлсэн юм. Голаны өндөрлөгт Израил хяналт тавих бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж буйгаа Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.


1944 оноос Сирид хамаарагдаж байсан Голаны өндөрлөгийг Израил 1967 онд болсон Зургаан өдрийн дайны үеэр эзлэн авчээ. Голаны өндөрлөгийг хянах бүрэн эрхийг дангаар тунхагласан “Голаны өндөрлөгийн тухай” хуулийг Израилийн парламент 1981 онд баталжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 497 тоот тогтоолд үүнийг хүчингүй гэдгийг  хүлээн зөвшөөрсөн бөгөөд Сири улс энэ нутгийг өөрийнх гэж үздэг юм. 

Холбоотой мэдээ