“Brexit”-ийн асуудлаарх бүх хувилбарыг хүлээж авсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-28 12:43:55

ЛОНДОН. /TASS/. “Brexit”-тэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээний найман хувилбарын аль нь ч Их Британийн парламентын гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадсангүй. Санал хураалт лхагва гарагийн орой болжээ.


Тодруулбал, “Brexit”-ийн асуудлаар Европын Холбоотой /ЕХ/ байгуулсан хэлэлцээрийн үр дүнг батлахын тулд бүх нийтийн санал асуулга явуулах, “Brexit”-ээс бүрмөсөн татгалзах, гэрээ байгуулахгүйгээр ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах, Их Британи Европын чөлөөт худалдааны холбоонд элсэн орох, Европын эдийн засгийн бүс дэх гишүүнчлэлийг болон Европын гаалийн холбоон дахь оролцоог хэвээр үлдээх, мөн гэрээ байгуулах боломжгүй болсон үед ЕХ-той хөнгөлттэй нөхцөлтэйгөөр худалдааны хэлэлцээрүүд байгуулах гэсэн хувилбаруудыг Их Британийн хууль тогтоогчид хэлэлцээд хүлээж аваагүй байна.


Үүнээс гадна, ЕХ-ны Гаалийн холбоон дахь Их Британийн гишүүнчлэлийг хэвээр үлдээж, Европын зах зээлийн нэгдсэн журмыг Их Британийн худалдааны дүрэм журмуудтай нарийн зохицуулах талаар тусгасан сөрөг хүчний Лейборист намын санал болгосон хувилбарыг дэмжээгүй аж.


Их Британийн парламент дээрх найман хувилбарыг ийнхүү хэлэлцсэн нь Засгийн газраасаа "булаан авсан" “Brexit”-ийн бүх үйл явцад хяналт тавих гэсэн оролдлого юм. Дээрх хувилбаруудыг хэлэлцүүлж, санал хураалт явуулсны гол зорилго нь эдгээрээс аль нь хууль тогтоогчдын олонхын дэмжлэг авах боломжтой вэ гэдгийг тодруулах, мөн нөхцөл байдлыг гацаанаас гаргах байв.


“Brexit”-ийн асуудал эрхэлсэн сайд Стивен Барклигийн хэлснээр, Ерөнхий сайд Тереза Мэйн санал болгосон гэрээ боломжит хувилбаруудаас хамгийн сайн хувилбар юм гэдгийг санал хураалтын дүн харуулж байгаа ажээ.


Цаашид юу болох вэ?

Их Британийн парламент Тереза Мэйн Засгийн газрын өргөн барьсан гэрээний төслийг хоёр ч удаа /нэгдүгээр сарын 15 болон гуравдугаар сарын 12/ хэлэлцээд батлаагүй юм. Үүнтэй холбоотойгоор ЕХ-ны гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн нар Брюссельд уулзах үеэр “Brexit”-ийн хугацааг боломжит хоёр хувилбараар хойшлуулах шийдвэрийг санал нэгтэй гаргасан билээ. Их Британийн парламент Брюссельтэй зөвшилцсөн гэрээний төслийг баталсан тохиолдолд тавдугаар сарын 22 хүртэл, хэрэв батлахгүй бол дөрөвдүгээр сарын 12 хүртэл хойшлуулна.


ЕХ-той зөвшилцсөн гэрээнийх нь төслийг дэмжвэл “Brexit”-ийн дараа албан тушаалаасаа огцроно гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын евроскептикүүдэд /ЕХ-ны хүрээнд интеграцчилах үйл явцыг үл анзаарах, сөрөг хандлагыг тодорхойлогчид/ лхагва гарагт амлажээ. Үүний дараа ийм үзэлтэй 25 хүн байр сууриа өөрчилж, Тереза Мэйг дэмжихээр болжээ. Гэсэн хэдий ч энэ нь гэрээг парламентаар батлуулахад хангалтгүй байгаа юм.


Их Британийн парламентын гишүүд одоогийн байдлаар цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа аж. Хамгийн олон дэмжлэг авсан хувилбарыг ирэх долоо хоногийн даваа гарагт дахин хэлэлцэж магадгүй байна.


Холбоотой мэдээ