Аялал жуулчлалынхан "ITM-2019" үзэсгэлэнд цугларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-26 14:54:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын "ITM-2019" үзэсгэлэн энэ сарын 29-31-нд Мишээл экспо төвд болох гэж буй талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Үзэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 300 гаруй байгууллагын төлөөлөл оролцож бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулна гэв. Тус үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад дотоод зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээ хийх, туршлага солилцох боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм гэдгийг онцолж байв.


Мөн үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлал болон гадаад хэлний их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус болон хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагад ажилд орох, дадлага хийх боломжтой танилцах аж.  

20 дахь жилдээ болох гэж буй Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том гэгддэг "ITM-2019" үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Аялал жуулчлалын холбоо, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, албан ёсны түншээр Увс аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Туркиш эйрлайнс ХХК ажиллаж байна. 

Холбоотой мэдээ