Фижид байгалийн гамшгийн дэглэмийг сунгав

Дэлхийд | Байгаль орчин
jargal@montsame.mn
2016-03-21 15:54:24

СИДНЕЙ. /TASS/. Номхон далайн арлын Фижи улсад тогтоосон байгалийн гамшгийн дэглэмийн хугацааг 30 хоногоор сунгасныг тус улсын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. Энэ дэглэмийг тус улсын эрх баригчид Фижигийн арлуудыг хоёрдугаар сарын 20-21-нд "Уинстон" хар салхи дайрсантай холбоотойгоор хоёрдугаар сарын 20-нд тогтоосон юм.

"Уинстон" нь Фижигийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн сүйтгэлт хар салхи болжээ. Байгалийн гамшгийн улмаас 44 хүн амиа алдаж, бараг 60 мянган оршин суугч буюу хүн амынх нь 6 гаруй хувь нь орон гэргүй хоцорсон бөгөөд одоог хүртэл түр хоргодох газруудад болон нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байсан хэвээр байна. Хамгийн сүүлд тооцоолсноор, байгалийн гамшгаас учирсан эдийн засгийн шууд хохирол 250 сая доллар даваад байгаа аж.

Байгалийн гамшгийн дэглэмийг сунгаснаар янз бүрийн улс орнуудаас Фижид үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг илүү үр дүнтэй хуваарилж тараах, халдварт өвчин дэгдсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломжийг  тус улсын эрх баригчдад олгоно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ