Дундговь аймагт мал төллөлт 16,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-26 09:57:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээгээр тус аймгийн хэмжээнд нийт 1 653 557 хээлтэгч төллөхөөс 3 дугаар сарын 22-ны байдлаар 339 ботго, 61 унага, 225 тугал, 147 827 хурга, 118 602 ишиг гарч, гарсан төл 100 хувь бойжиж, мал төллөлт 16,6 хувьтай байна.

Аймгийн 15 сумын 66 багт 7 159 малчин өрхийн 3,8 сая толгой мал хонин толгойд шилжүүлснээр 5,1 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна.

Өвөлдөө цас ороогүйн улмаас усны хангамж тааруу, бэрхшээлтэй байсан бол гуравдугаар сарын 18,19-ний өдөр нийт нутгаар цас орж, хаваржилтын байдал хэвийн болжээ.  

Дундговь аймгийн Эрдэнэдалай, Өлзийт, Дэлгэрцогт, Гурвансайхан сумдад 11 өрхийн 7 656 толгой мал хаваржиж, харин бусад гурван аймгийн 7 суманд 8 өрхийн 7 281 толгой мал  оторлож байна.

Цаг хүндэрсэн үед Хэрлэнбаян-Улаан, Малхын тал, Чилэнд 42 500 толгой мал оторлуулахаар гэрээ байгуулсан хэдий ч  энэ жил малчид оторт гараагүй аймгийнхаа нутагт өвөлжсөн байна.

Өвс тэжээл, аюулгүйн нөөцийн хувьд одоогоор хүндрэл гараагүй байна. Намар Засгийн газрын 218-р тогтоолын дагуу аймгийн хэмжээний өвс тэжээлийн аюулгүй нөөцийг 84,1 хувьтай бүрдүүлж, одоогийн байдлаар аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээл хэвээрээ байгаа бол сумдын Засаг даргын аюулгүйн нөөц багасч, 395,7 тн өвс, 109,9 тн тэжээлийн нөөцтэй байгаа ажээ.  

Холбоотой мэдээ