Сэтгэцийн эмгэг 2020 онд 15 хувь нэмэгдэх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-22 21:42:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл өгөх 1800-2000 утас өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Энэхүү утсыг нээснээр, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, уур бухимдал, нойргүйдэл, стресс, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүн гадны хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломж бүрдэж байна.

Олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллан жирэмсэн үеийн болон төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал, гэмтлийн дараах бухимдал, ахимаг насны үеийн болон хүүхдийн сэтгэцийн асуудал тулгарвал яах хэрэгтэйг зөвлөн, мэдээлэл өгөх юм.

Тус утас 24 цагаар ажиллах бөгөөд төлбөрийн хувьд энгийн утасны тарифаар үйлчлэх аж.

Өнөөгийн байдлаар, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүрдэг байна. Мөн 10 өвчний тав нь сэтгэл гутрал, архаг солиорох эмгэг, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой, ялимгүй зовлонт байдлын эмгэг байдаг байна. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ нь 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ тооцоолжээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг 27 хувь, хөгжиж буй орнуудад 15 хувь байна.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж, сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 21 мянга гаруй хүн амьдарч байна. 2013 онд хийсэн Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны үр дүнг 1984-1992 оны судалгаатай харьцуулбал, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдэж, үүний дотор 15-65 насны хүмүүсийн 6 хувийг сэтгэл гутрал эзэлж байгаа аж.

Холбоотой мэдээ