Баян-Өлгийн музейн хамгийн хуучин үзмэр Юань гүрний үед хамаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-18 22:31:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Музей нь аймгийн орон нутгийг судлах кабинет нэртэйгээр 1948 онд суурь нь тавигдаж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 461 дүгээр тогтоолоор музей болж өргөжсөн түүхтэй. Тус музейн сан хөмрөгт 1631 үндсэн, 3700 туслах, нийтдээ 5331 үзмэр хадгалагдаж байна.

Хамгийн хуучин үзмэр нь Юань гүрний үед хамаарах морины эмээлийн хэсгүүд, хамгийн том үзмэр нь Сагсайн хүрээнд ашиглаж байсан ширмэн тогоо юм. Музейн үзмэрүүд нь тус аймагт аж төрдөг казах, урианхай, дөрвөд, тува үндэстэн, ястнуудын зан заншил, өв уламжлал, соёлын илэрхийлэл болдог ба 2018 онд 6232 хүн, үүнээс 857 гадаадын жуулчин ирж сонирхжээ.

Музейн хамт олны зүгээс сан хөмрөгийг баяжуулах, аялал жуулчлалын компаниудтай хамтран музей сонирхох асуудлыг аяллын хөтөлбөрт тусгуулах, музейн үйл ажиллагааг сурталчилсан боловсрол, танин мэдэхүйн ажлуудыг тогтмол зохин байгуулан ажиллаж байгаа аж.

Уншигчдад тус музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдээс танилцуулж байна.

 

Эсгий гэр

Эсгий гэрийн үүссэн он тооллыг МЭӨ VII зуун буюу түүнээс ч урьд өмнө бий болсон гэж үздэг. ХІІІ зууны үе гэхэд эсгий гэрийн бүтэц, хэв маяг нь бүрэлдэн буй болж, Төв Азийн нүүдэлчдийн өргөн хэрэглээнд нэвтэрсэн байна. Монгол гаралтай нүүдэлчдийн эсгий гэр нь шулуун унь, шугаман ханатай байдаг бол казах гэрийн хананы ар, өвөр, толгойг гадагш матигар хийдэг. Казах түмний эдийн соёлын онцлог хэмээн үздэг эсгий гэрийг хийж бүтээх уламжлалт арга ажиллагаа эдүгээ хүртэл сайн хадгалагдаж иржээ. Эсгий гэрийн тооныг хус модоор, унь ханыг бургас, хаалгыг харгай болон нарс модоор хийдэг байна. Эсгий гэрийн гадна талыг янз бүрийн хээ угалзаар чимэглэнэ. Гэрийн хэмжээг ханын толгойгоор 60,70,80,100 толгойтой гэж ангилж ирсэн бөгөөд аливаа гэрийн унины тоо хэмжээ, тоононы хэмжээ болон унины нүхний тоо нь хананы толгойн тоонд тохирсон байх шаардлагатай байдаг байна.

Энэхүү эсгий гэр нь 1960 онд аймгийн 20 жилийн ойгоор музейн үзмэрт Булган сумаас бэлгээр орж ирсэн байна. Уг гэр нь 80 уньтай зургаан ханатайБүтээгдсэн он цаг нь ХХ зууны дунд үед хамаарна.

 


Илгэн дээл 

Казах үндэсний дээлийг төрөл бүрийн эдээр өнгө хослуулан олон төрлийн хээ угалз гаргаж урлахын хамт биеийн хэмжээ, нүүр царайныхаа өнгө зэрэгт тохируулан урладаг онцлогтой байдаг. Нэхий дээлийг хонь, ямаа, булга, аргаль зэрэг ан амьтны арьс, нэхийгээр хийдэг. Хонины нэхий дээлийг зун, намрын ахар нэхий дээл гэж ангилна. Зуны эх дунд сарын нэхийг илэг болгон элдэж боловсруулан илгэн дээл хийдэг байжээ. Хонины нэхийг идээлж үсийг нь гуужуулаад илэг гаргаж авна. Илгээр дулааны улиралд өмсөх дээл хийдэг бөгөөд үүнийг илгэн дээл” /жаргах тон/ гэж нэрлэдэг байна.  

Энэхүү “илгэн дээл” нь ХХ зууны эхэн үед бүтээгдсэн маш уран хийцтэй дээл юм. Уг дээл 1960 онд Алтай сумаас бэлэг дурсгалын замаар цуглуулсан, музейн дахин давтагдашгүй үнэт үзмэрүүдийн нэгУг дээлийг хонины арьсыг зөөлөртөл нь элдэж, гадна талыг шар өнгийн “Рауан” хэмээх модны будгаар будаж энгэр, хормой болон ханцуйн хэсгийг маш нарийн уран хийцээр хатгаж оёсон байна. Мөн ханцуй болон хормойн хэсгийг хурганы арьсаар эмжээрлэж, захыг нь үнэгний годоор хийж гоёсон байна.


Үйчүүр тоглоом

Шинийн нэгний их золголтоор идээ цагаа амсаж, мэндийн тамхи мэдсэний дараа гэрийн эзнээс эхлээд орсон гарсан зочин гийчин бүгд шагайгаар “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинждэг. Дараа нь золгосон айлдаа “Үйчүүр” дэлгэж хотлоороо тоглож нааддаг. Хүн бүр шинийн өдрүүдэд үйчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үйчүүр орхиод хожсон талынхан ихэд бэлэгшээдэг. Шинийн нэгэнд үйчүүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үйчүүр тоглодог.

Үйчүүр тоглоомд ханшийн дэс бүхий найман зүйлийн амьтан орох бөгөөд харцага нохой хоёрыг хамтатган нэгэн зүйлд авдаг онцлогтой. Дүрсийг лангаар үнэлэх ба тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш, дэсийн дарааллаар бүх амьтдаа өрж тавьдаг.

Энэхүү үйчүүр тоглоом нь тус аймгийн Өлгий сумын урлаач Жансан гэдэг хүний бүтээл бөгөөд Ардын жүжигчин Р.Самжид хэрэглэж байгаад 1987 онд музейн үзмэрт өгсөн байна. Нийтдээ 132 ширхэгээс бүрддэг.



Бүлүүр

Бүлүүрийг нүүдэлчин ард түмэн эрт дээр үеэс одоог хүртэл хэрэглэж ирсэн. Бүлүүр нь 2 янз байдаг байна. Айрагны болон тарагны бүлүүр гэж. Айрагны бүлүүр нь хийцийн хувьд бүлүүрийн толгой хэсэг нь цоорхой байдаг бол тарагны бүлүүрийн толгой нь битүү хийцтэй байдаг байна. Энэ нь бүлүүрийн толгой хэсэг нь хүнд байх тусам шар тос ихээр хуримтлагдах онцлогтой байжээ. Дээр үеийн баян чинээлэг айл бол айрагны бүлүүр мөн айраг самрах халбага шанагыг алтаар болон мөнгөөр тоноглож гоёдог байжээ.

Энэхүү хоёр бүлүүр нь 1960 онд Дэлүүн сумын Түзгенхажы, Сансызбай гэдэг хүний гэрт хэрэглэж байсан бүлүүрүүд байна. ХХ зууны дунд үеийн бүтээл ба одоо үед ийм хийцийн бүлүүр маш ховор учраас үнэт үзмэрүүдийн тоонд ордог байна.

 


Эмээл

Эртний нүүдэлчид аль эртнээс эх газрын эрс тэс уур амьсгалтай Төв Азийн бүс нутагт нүүдлийн мал аж ахуйг бий болгож, хөгжүүлсээр ирсэн талаар гадаад дотоодын судлаачид олон төрлийн гэрчлэх баримтуудад тулгуурлан нэгэнт тодорхойлон тогтоосон байдаг. Ийнхүү эртний нүүдэлчид мал аж ахуйг буй болгон хөгжүүлэх явцад хамгийн гол нь түүнийг эрхлэн хөтлөх арга ухааныг бий болгосон явдал юм.

Монголын казахуудын хэрэглэж ирсэн тоног, хэрэгслүүдийн хийх арга түүний хэлбэр хийц, хэрэглээний шинж чанар, зориулалт нь Монголын олон үндэстэн угсаатныхтай тун ижил хэдий ч зарим талаар өөрийн гэсэн өвөрмөц соёлын өв уламжлалтай байжээ. Казах эмээлийн урд бүүрэг нь эгц, хойд бүүрэг нь хойшоогоо налуу хүн чөлөөтэй суух боломжтой үндсэндээ хавтгайдуу хэлбэр хийцтэй байгаагаараа онцлогтой байдаг.

Казах эмээл урт, өргөн хэмжээгээр монгол эмээлүүдийн аль ч төрлөөс том. Казах эмээлийг Керей эмээл, Найман эмээл гэж хоёр ангилдаг ба хэрэглээний шинж чанараар ердийн, гоёлын бөгөөд зориулалтаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэх зэргээр ангилдаг байна. Эмэгтэй эмээл нь эрэгтэй эмээлээс хийцээрээ том байдаг байна. Энэ нь эмэгтэй хүн урдаа өлгийтэй хүүхдийг авч явахад тохиромжтой гэж үзсэн байдаг.

Энэхүү алтан шармал нэртэй эмээл маань хийц загварын хувьд маш уран хийцтэй, дахин давтагдашгүй үнэт үзмэр бөгөөд төмрөөр хийж, мөнгөөр өнгөлж, алтны ууранд барьжээ. Уг эмээл нь ХХ зууны эхэн үед хийгдсэн ба Улаанхус сумын Хавдал гэдэг хүн хэрэглэж байжээ. Даруулга, хөмөлдрөг, хазаар, ширэн тохом, хос дөрөө, зэрэг зүйлүүдээс бүрдсэн байна.



Сийлбэр модон ор

Энэхүү уран сийлбэр хийцтэй модон ор нь ХХ зууны дунд үед хийгджээ. Өндөр 85 см, урт 2014 см, өргөн 71 см. Нүүрэн талд нь казах үндэстний хээг сийлбэрлэн чимж, өнгө өнгийн будгаар будаж гоёсон бөгөөд хоёр толгой нь налуу байдгаараа онцлогтой. Налуу байдал нь хүний цусны эргэлтийг сайжруулж, сайн амраадаг аж. Модон ор нь нүүдлийн үед тэмээнд ачихад тохиромжтой, хэд хэдэн хэсэгт салдаг байна.  



Ширмэн тогоо

Энэхүү том ширмэн тогоог ХХ зууны үед Сагсайн хүрээнд хэрэглэж байсан бөгөөд 1960 онд тус музейд иржээ. Тогооны өндөр 86 см, амсрын голч 107 см. Иймэрхүү тогоо нь одоо үед маш ховор бөгөөд дээр үед баяр наадам, хурим найр хийхэд адууны болон үхрийн махыг бүтнээр нь чанах зориулалтаар хэрэглэдэг байжээ.  



Холбоотой мэдээ