Мэдээллийн хэрэглэгч нь мэдээллээ сонгох эрх чөлөөтэйг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-17 21:10:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд өдөрт дунджаар дөрвөн тэрбум мэдээлэл түгдэг.  Үүнээс эерэг болон сөрөг мэдээлэл олж авах нь тухайн хүний сонголт байдаг. Монголын цахим орчинд цацагдаж буй мэдээллийн 70-80 хувь нь сөрөг байдаг гэж зарим судлаачид хэлдэг. Тэгвэл үлдсэн 20-30 хувийн эерэг мэдээллийг олж авах, унших, сонсох нь тухайн хүний сонголттой холбоотой. Иймд хүн бүр мэдээллээ зөв сонгож эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй” гэж “Хүний хөгжил” академийн захирал, лектор Н.Амарбаясгалан хэллээ.

Тэрээр Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан сурагчдад “Цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалъя”, “Аюулгүй, ухаалаг хэрэглээ” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэл хүүхэд, залууст нэн тулгамдаад байгаа мэдээллийн аюулгүй байдал, цахим хэрэглээ, мэдээллийн боловсрол зэрэг олон асуултад хариулт өгсөн юм.

Мөн мэдээлэл хүлээн авч байгаа иргэн бүр “Мэдээллийн хэрэглэгч” байдаг тул хэрэглэгч өөрөө сонголтоо зөв хийх хэрэгтэй гэж Н.Амарбаясгалан лектор хэллээ.

Уг сургалтыг Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран “Аюулгүй бараа бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм. Монгол Улс нь 2003 оноос Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуультай болсон бол Орхон аймаг 2010 оноос “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах” олон улсын өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд тохиодог уг өдөр хэрэглэгчдэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг юм. Хэрэглэгч нь мэдээлэл олж авах, сонголтоо зөв хийх, дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэх зэрэг найман эрх эдэлдэг гэж Орхон аймгийн ХЭАХН-ийн дарга Б.Батжаргал хэллээ. 

Холбоотой мэдээ