Эрчим хүчний ухаалаг систем нэвтрүүлж буй Их Британийн туршлагаас хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-14 15:27:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи улсын ЭСЯ манай улсын ЭХЯ-тай хамтран “Ухаалаг эрчим хүч” форум өнөөдөр ГХЯ-нд зохион байгууллаа.

Форумыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Бид өнөөдөр эрчим хүчний салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар хэлэлцэж байна. Засгийн газраас баталсан эрчим хүчний салбарыг дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадны хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай төслүүдээ танилцуулсан.

Тухайлбал, УЦС, хийн генаратор, өндөр хүчин чадалтай батерей хуримтлуур зэрэг эрчим хүчний салбарын системийн найдвартай, үр ашигтай байх чиглэлд тодорхой төслүүдээ санал болгож байгаа. Эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүд бий болсноор салбарын систем бие даасан, үр ашигтай салбар болж чадна” гэдгийг онцлоод, эрчим хүчний салбарт энэ онд ДЦС-4” ТӨХК-ийн дөрвөн генараторыг шинэчлэх, “ТЭЦ-3” цахилгаан станцыг 75 мВт-аар шинэчлэн, 250 мВт-аар өргөтгөх хоёр төсөл хэрэгжүүлэхээр ОХУ, БНХАУ-ын компаниудтай хамтарч ажиллахаар болсныг дуулгаж байв.

Форумын үеэр, Англи улсаас уригдсан мэргэжлийн шинжээчид Их Британи улсын ухаалаг эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний нөөцлүүр, УЦС, нарны эрчим хүчний эх үүсвэрийн талаар илтгэл тавьсан юм. Тус улс нүүрстөрөгчийн ялгарал багатай инновацийг нэвтрүүлж буйгаар дэлхийд тэргүүлж байгааг шинжээч Роберт Сонога хэлээд, “Эрчим хүчний салбар ухаалаг системд шилжиж байна. Гэхдээ цаг хугацаа их шаардагдаж байна. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг Монгол Улсын хувьд, манай улсын эрчим хүчний салбараас суралцаж, эх орныхоо хөрсөнд хэрэгжүүлэх зүйл их байна. Монгол орны хувьд нар, салхи, УЦС-ыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ ганц, хоёр том сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахаас илүүтэй жижиг дэд станцууд байгуулах нь газар нутгийн хувьд ч тэр зөв хувилбар байх болов уу” хэмээн зөвлөв.


Их Британи Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филиф Малоне, Өнөөдрийн форум нь Монголын эрчим хүчний салбарын стратеги боловсруулахад чухал үүрэг болно гэж бодож байна. Манай улсын хувьд, эрчим хүчний сүлжээ олон жилийн өмнөөс технологи, бодлого төлөвлөлтийн гэсэн түвшинд хөгжиж ирсэн. Их Британийн эрчим хүчний салбар далайн эрчим хүчийг ашиглахдаа маш туршлагатай. Одоогийн байдлаар 7.6 гВт цаг эрчим хүчийг далайн салхинаас үйлдвэрлэж байна. Цаашдаа 2030 он гэхэд 30 гВт цаг хүргэх зорилт тавиад байна. Тиймээс Монгол Улсын эрчим хүчний салбарт ухаалаг эрчим хүчийг хөгжүүлэхэд техник технологийн чиглэлээр хамтарч ажиллаж, зөвлөхөд бэлэн байна. Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор нүүрстөрөгчийн ялгарал багатай инновацийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ