Төв аймгийн нутаг дэвсгэрт түүх, соёлын 21 үл хөдлөх дурсгалт газар бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-14 13:10:03

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 17.3.-т “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалт"-ыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилал тогтоожээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан уг жагсаалтад улсын хэмжээнд 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад авахаар оруулжээ. Үүнээс Төв аймгийн нутаг дэвсгэрт улсын хамгаалалтад 15 түүхийн дурсгал, аймгийн хэмжээнд 6 түүх, соёлын үл хөдлөх дурсгал байна.


Улс, орон нутгийн хамгаалалтад байх "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" хэмээн заасан байна. Улсын хамгаалалтад Өнгөтийн цогцолбор, Морин толгойн олон үед холбогдох булшнууд, Ноён уулын булш, Гуа дов эртний хотын туурь, Гашуун балтастайн Түрэгийн гэрэлт хөшөө, Хүүхэн хонгорын хүн чулуу, Бороогийн суурин, Цогтын хадны бичээс, Их хөшөөт буюу Кулчурын гэрэлт хөшөө, цогцолбор дурсгал, Манзуширын хийд, Тэрэлжийн дөрвөлжин (Хар балгас), Бүрхийн дөрвөлжин хотын туурь, (Хараалчийн хэрэм), Уянгын үзүүрийн хадны зураг, Тоньюкукын цогцолбор дурсгал, Гүнжийн сүм зэрэг багтдаг бол аймгийн хамгаалалтад Өгөөмөрийн хүн чулуу, Багахангай, Хангайн булаг дахь хүн чулуу, Мишиг гүний хүрээ, Сарьдагийн хийд, Тогос уулын өвөр хажуугаар орших олон үеийн дурсгал, Тогос уулын өвөр хажуугаар орших олон үеийн дурсгалууд оржээ. Улсын хамгаалалтад орсон хөшөө, дурсгалын түүхээс толилуулъя.


Тоньюкукын цогцолбор дурсгал


Төв аймгийн Эрдэнэ сум Баянцогт уулын баруун хойно Налайхаас зүүн тийш 20 орчим км зайд оршино. Тоньюкукын бунхант энэ булш дурсгал нь Түрэгийн язгууртны нэрд гарсан иж бүрэн дурсгалын нэг бөгөөд түүнд багтах гэрэлт хөшөөний Орхон, Енисейн бичээс дэлхийд нэрд гарсан цөөн тооны бичиг дурсгалын нэгд тооцогддог.  Гэрэлт хөшөө нь 2 чулуун дээр нийт 8 талд нь 62 мөр бичээстэй бөгөөд тухайн үеийн Түрэгийн нийгмийн байдлыг Тоньюкукын намтартай холбогдуулан бичсэн агуулгатай. Энэ дурсгалыг анх 1897 онд Оросын судлаач Е.Н.Клеменц олж булшин дээрх гэрэлт хөшөөний бичээсийг цаасаар хэв авч гэрэл зураг татсаныг академич В.В.Радлов орчуулжээ. 1909 онд Г.И.Рамстедт, 1925 онд Б.Я.Владиморцов, Барадын Базар нар тэндээс тоосго дэвссэн шал, дээврийн төрөл бүрийн ваар олжээ. 


                                                  Бүрхийн дөрвөлжин хотын туурь (Хараалчийн хэрэм)


Төв аймгийн Мөнгөнморьт сум Хэрлэн голын цутгал зүүн Бүрхийн голын баруун хөвөөнд оршдог, “Хараалчийн хэрэм” хэмээн домоглож нэрлэдэг. Бүрхийн дөрвөлжин бол 4 тал шороон хэрмийн ор юм. Хэмжээ нь 18*30м, 29*29м хэмжээтэй хоёр барилгын ор бий. Тэнд хийсэн 5 малтлагаар барилгын дээврийн ваарны хагархай садармал хээтэй дөрвөлжин тоосго олдсон бөгөөд үүгээр нь Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин зэрэг Хүннүгийн үеийн хэрэмтэй нэг цаг үеийнх гэж эрдэмтэд үздэг. 


Их хөшөөт буюу Кулчурын гэрэлт хөшөө, цогцолбор дурсгал


    Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, сумын төвөөс зүүн хойш 40-өөд км-т энэ дурсгал бий. Уг дурсгал нь 53*35м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрмээр хүрээлэгдсэн тахил шүтээний томхон цогцолбор юм. Их хөшөөтийн дурсгалыг 1912 онд эрдэмтэн В.Л.Котвич илрүүлэн судалснаас хойш судлаачид нэг бус удаа нарийвчлан шинжилж зарим нь бага хэмжээгээр малтлага хийжээ. Дурсгалын гэрэлт хөшөөний бичээсийг тайлан уншсан эрдэмтдийн үзэж буйгаар уг цогцолборыг 740-өөд оны Түрэгийн цэргийн нэрт жанжин Кулчурын дурсгалд зориулан босгосон бөгөөд гэрэлт хөшөөнд түүний хийсэн аян дайн, баатарлаг үйлсийг тэмдэглэн бичиж мөнхөлсөн хэмээн судлаачид үздэг байна.

Холбоотой мэдээ