БНАСАУ үй олноор хөнөөх зэвсгээсээ бүрэн татгалзах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-12 10:54:04

ВАШИНГТОН. /NHK/. БНАСАУ АНУ-тай харилцаагаа сайжруулах гэж хичээхээсээ өмнө үй олноор хөнөөх зэвсгээсээ бүрэн татгалзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хэрэгтэй гэж БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун мэдэгдэв.


Тэрбээр энэ тухай даваа гарагт Вашингтон хотноо цөмийн бодлогын талаар илтгэл тавих үеэрээ хэлжээ. АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш түүний олон нийтэд хандан үг хэлсэн анхны тохиолдол энэ болсон юм.


С.Бигун хоёр улсын дипломат харилцаа сайн хэвээр байгаа талаар мэдэгдсэн боловч цаашдын хэлэлцээний товын талаар дурдаагүй байна.


“БНАСАУ-тай харилцан итгэлцлийг бий болгож, Солонгосын дайныг албан ёсоор дуусгаж, дайны үеэр сураггүй болсон АНУ-ын цэргүүдийн цогцсыг эх оронд нь авчрах хүсэлтэй байна” гэж С.Бигун нэмж хэлжээ.


Мөн “Сохэ” пуужин хөөргөх талбай дахин үйл ажиллагаа явуулах боломжтой болсон тухай АНУ-ын судлаачдын тайлангийн талаар тэрбээр, “АНУ-ын Засгийн газар уг тайланд ач холбогдол өгч, ажиглалтаа үргэлжлүүлж байгаа. Тэд ямар дохио өгөхийг хичээж байгааг одоогийн байдлаар мэдэхгүй байна” гэж хэллээ. 

Холбоотой мэдээ