Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-10 13:54:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

Тус аймгийн Баян-Уул, Баяндун, Хэрлэн, Матад сумаар орж хаваржилтын байдалтай танилцан аймгийн Онцгой комиссыг хуралдуулж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Дорнод аймагт өнгөрсөн онд нийт 12 удаагийн хээрийн түймэр гарч байв. Түймэрт 460 мянган га бэлчээрийн талбай шатаж,1.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 6.9 сая гаргажээ. Он гарсаар нэг хээрийн түймэр гарсан байна. Нийт нутгийн 10 хувьд нь цастай байгаагаас үзэхэд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэлтэй байгаа аж.


Өнгөрсөн онд гарсан түймрийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирч байв.


Тиймээс аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу аймгийн төвөөс гадагш гарах замууд дээр тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, санамж, зааварчилгаа өгөх байнгын болон хөдөлгөөнт хяналт, шалгалтын таван цэгийг байгуулаад байна.





Мөн 14 сумын мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг, зааварчилгаа өгөх, гуравдугаар сарын 20-аас эхлэн сумдын Засаг дарга нартай “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ажиллах талаар гэрээ” байгуулан ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ