Анх удаа орон нутгаас шилдэг бизнес хатагтай нарыг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-07 14:41:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулдаг “Лэди Энтрепренер-2018” ёслол боллоо.

 

Хоёр жил тутамд зохиодог “Лэди Энтрепренер-2018” ёслол энэ удаа “Орон нутгийн Энтрепренер хатагтай номинаци”-аар 21 аймгийн 20-иод бүсгүйг анх удаа шалгарууллаа. Харин ёслолын “Гранпри шагналыг “Денимон” ХХК-ийн буюу “Урбан жинс” брэндийг үүсгэн байгуулагч Д.Тунгалаг хүртлээ. Тэрээр компаниа 2010 онд гуравхан оёдолчинтой орон сууцны орцны хонгилд эхлүүлж байсан бол өнөөдөр 100 гаруй ажилчинтай үндэсний брэндийг бий болгосон ААН болтлоо өргөжин хөгжжээ. Ёслолын үеэр салбартаа амжилт гаргасан “Төмөр трэйд” компанийн захирал М.Жаргалмаа, Монголын үндэсний циркийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам нарыг МҮХАҮТ-ын дээд шагнал “Хийморь” одонгоор шагнав.

 

Ёслолыг нээж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Статистик мэдээллээр  нийт ААН-ийн 40 хувь нь эмэгтэй захиралтай гэсэн тоо бий. Гэвч хөдөө, аймаг орон нутагт ажиллаж, ЖДҮ эрхлэгчидтэй уулзаж явахад голдуу эмэгтэйчүүд аж ахуйгаа авч яваа нь харагддаг. Лэди Энтрепренер ёслол миний хувьд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн ажлыг авсны дараах анхны томоохон үйл явдал болж байгаад бэлгэшээж байна. Монголын эдийн засаг, нийгмийн ачааг үүрэлцэж яваа Та бүхэнтэй хамтран бизнесийн орчныг шинэчлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих талаар олон ажлыг зохион байгуулах болно” гэлээ. 

Б.Болд

Холбоотой мэдээ