Цэнгэл сумын Тува бага сургууль шинэ дотуур байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-06 20:40:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгыг барьж ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тус дотуур байр нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд барилгын ажил 2018 онд эхэлжээ. Дотуур байрны доторх эд хогшил, тохижилтын ажлыг мөн ТИКА гүйцэтгэх аж.

Шинэ дотуур байр ашиглалтад орсноор хөдөө хээр нутгаас сумын төвд ирж суралцаж буй хүүхдүүдэд стандартад нийцсэн, таатай орчинд боловсрол олгох боломж бүрдэнэ.

Цэнгэл сумын Тува бага сургууль нь 123 хүүхэдтэй, үүнээс 55 хүүхэд дотуур байранд амьдардаг. Өнөөдрийг хүртэл тусдаа дотуур байрны барилгагүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сургуулийн хичээлийн байрны нэг давхрыг дотуур байр болгон ашиглаж байжээ.

Албаны хүний тайлбарласнаар тухайн барилгыг энэ сарын 20-ны өдөр албан ёсоор хүлээлгэж өгөх ажээ.  

Холбоотой мэдээ