Шүүгч Х.Талгат тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-05 12:15:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 27 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Х.Талгат өчигдөр шүүгчийн тангараг өргөлөө.

Монгол Улсын шүүхийн шүүгч бүр томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө тангарах өргөх журамтай байдаг. Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газарт болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, прокурорын байгууллагын удирдлагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөллүүд оролцлоо. 

Шүүгч Х.Талгат шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа олон нийтийн өмнө батлан тангараглалаа.

Түүний  хувьд 2005 оноос тус аймгийн шүүхэд орчуулагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар тасралтгүй ажиллаж байсан ажээ.  

Холбоотой мэдээ