Ц.Баасандорж: Хууль бус баривчилгаа явуулсан АТГ хариуцлага хүлээх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-01 14:59:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч Л.Бямбаагийн амь нас хохирсон хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан. Талийгаачийг хууль бусаар баривчилсан АТГ-ын мөрдөгч нар ажлын хариуцлага хүлээх ёстой хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-ын өмнө мэдэгдлээ.

 

Тэрбээр, “АТГ-аас мэдээлэхдээ талийгаачийг авлига өгч байгаад баригдсан гэж байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэн гэж зарлах нь зохисгүй үйлдэл юм. АТГ-аас өнгөрсөн сарын 23-нд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан байна билээ. Энэ үйлдлээ хуулийн дагуу 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Гэвч талийгаачийг баривчилсан орой шүүхийн ажлын цаг дууссан бөгөөд маргааш нь амралтын өдөр таарч байсан юм. Хуулиараа энэ тохиолдолд саатуулсан этгээдийг суллах заалттай. Өнөөдөр АТГ-т энэ асуудлаар мөрдөгчтэй нь уулзах болно. АТГ-ын мөрдөгч нарыг ажлаас нь түдгэлзүүлж, шалгах ёстой гэж үзэж байна. Учир нь талийгаачид хоол ч өгөлгүй өдөржин байцаасан гэх мэдээлэл байгаа юм. АТГ хууль ёсны дагуу ажиллаагүйгээс болж нэг хүний амь нас хохирлоо. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа ч АТГ бол цагдааг шалгадаг байгууллага. Тиймээс цагдаагийн байгууллага АТГ-ыг шалгана гэдэгт эргэлзэж байна. Эл хэргийн харьяаллыг тогтоож, өөрчлөхийг хүсэж байна” гэв.


Хэргийг тодруулбал, АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шүүгч Л.Бямбааг 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэрээр саатуулах хугацаа дуусахаас дөрвөн цагийн өмнө хорих өрөөнд хоолойгоо боомилсон байдалтай олдсон юм.


АТГ-ын өнгөрсөн сарын 25-нд хийсэн хэвлэлийн бага хурлаар түүнийг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан авлига зуучилсан хэмээн шалгаж байгааг мэдээлсэн. Харин цагдаагийн байгууллагаас өчигдөр ШШГЕГ-ын ажилтнууд ажлын хариуцлага алдсан, АТГ-ын мөрдөгч хууль бус баривчилгаа явуулсан асуудлыг шалгаж байна гэж мэдээлсэн юм.


Л.Бямбаа нь 2012-2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарч “Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ