НИТХ-ын даргыг нээлттэй сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-28 20:39:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын даргыг сонгохоор өнөөдөр товлосон НИТХ-ын ээлжит 22-р хуралдаан 15.30 цагт эхэллээ.

Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан НИТХ-ын ээлжит 22-р хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох талаар хэлэлцэн нууцаар санал хурааснаас нэр дэвшигч, НИТХ-ын дарга С.Амарсайхан олонхийн санал авснаар хотын Засаг даргаар томилогдож өчигдөр лхагва гарагийн орой тамгаа хүлээн авч ажилдаа ороод байгаа юм. Тиймээс түүний оронд НИТХ-ын даргыг сонгох хуралдаан өнөөдөр болж байна.





НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга Р.Дагвыг нэр дэвшүүлсэн юм. Харин өнөөдрийн хуралдааны үеэр заалнаас НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн Ц.Байгалмаа өөрийн нэрээ дэвшүүлсэн ч 19.30 цагийн үед нэрээ татаж авлаа. Ингэснээр НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч Р.Дагва үлдсэн тул нээлттэй санал хураахаар болоод байна.  

20.20 цагийн байдлаар НИТХ-ын хуралдаанаар санал хураах тооллогын комиссыг байгуулах талаар хэлэлцэж намын бүлгүүдээс энд нэр дэвшүүлсэн төлөөлөгчдийн нэрс дээр зөрөлдсөн боловч эцэстээ хамгийн их санал авсан таван хүнийг тооллогын комисст оруулахаар тогтоод байна.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргаас С.Амарсайханыг чөлөөлөх талаар хэлэлцэн санал хурааж, төлөөлөгчдийн 73.6 хувийн саналаар С.Амарсайханыг НИТХ-ын даргаас чөлөөлсөн юм. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ