Тусгай олимпийн зуны наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-02-28 16:57:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпийн зуны наадам ирэх сарын 8-22-нд болно. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзаж, тамирчдын олимпийн нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг багийн дасгалжуулагч Б.Алтанцэцэгт гардуулж, багш тамирчдад амжилт хүсэв.

Монголын тусгай олимпийн хороо 5 жилийн өмнө байгуулагдсанаас хойш хоёр олимпод оролцож, 2015 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон тусгай олимпийн зуны наадмаас 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Мөн 2017 онд Австрийн Граз хотноо болсон тусгай олимпын өвлийн наадмаас 2 алт, 4 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн байна.


Тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг хэлэхдээ, “Монголын тусгай олимпийн хороо оюуны бэрхшээлтэй хүүхдийг биеийн тамир, спортоор дамжуулан эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, нийгэмших, найз нөхөдтэй болгох, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой. Энэ удаад Улаанбаатар хотын тусгай дөрвөн сургуульд сурагчид хөдөө орон нутагт амьдардаг оюуны бэрхшээлтэй хүүхдийн төлөөлөл зуны олимпт оролцоно. Мөн тусгай олимпийн нэг онцлог нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүд багийн спортоор өрсөлддөг. Тиймээс хөлбөмбөг, ширээний теннис хамтарч тоглохоор үе тэнгийнх нь хамтран тоглогч нар мөн Абу Дабид очно. Нийтдээ 28 тамирчин, найман багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй зуны тусгай олимпт оролцоно. Энэ удаагийн олимпт дэлхийн 192 орны 7000 гаруй тамирчин оролцох мэдээлэл бий. Энэ нь дэлхийн тусгай олимпийн 50 жилийн түүхэн дэх хамгийн том олимп гэгдэж байна. Манай улсын түүхэнд ч гэсэн анх удаа олон буюу 28 тамирчин оролцож байна. Бид хүүхдүүдээ медаль ав гэхээс илүү тэмцээндээ оролцож, урам зоригтой болоосой гэж хүсэж байгаа” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Найзуудаа манлайлж, итгэл найдвар, эерэг сэтгэлгээг бэлэглэн, спортоор хичээллэж, амжилттай яваа тамирчин хүүхэд залуус Та бүхнээр бахархаж байна. Амжилт хүсэж, дахин баяр хүргэмээр байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ