Тэрбишдагва: МАН, МАХН-ыг нэгтгэх нь гишүүд, дэмжигчдийн хүсэл
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийж, нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдрал туйлдаж байгаа тухай ярьсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таны сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн ард иргэдийн амьдрал хүнд байна гэж та ярьж байна. Яагаад ингэж дүгнэв?
-Улс орны нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалаад ард түмний амьдрал ихээхэн туйлдаж байна. Би чуулганы завсарлагаагаар тойргийнхоо олон иргэдтэй уулзаж ярилцлаа. “Иргэд байнга шахуу “набор” буюу таван цулаар гол зогоож байгааг гишүүд мэдэхгүй байна. Гишүүд гадаад дотоодоор хэсч, нам фракцаар талцаж байхын оронд ард иргэдийнхээ дунд очих ёстой. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг гэж ярьдаг хүмүүст ард түмэн дээрээ очиж ажил гэж хэлмээр байна.Үүнийг иргэд шаардаж байна. Иргэдэд олон дарамт тулгарч байна. Өрхийн эмнэлэг, цэцэрлэг сургуулийн ачаалал маш ихэссэн ч цалин бага хэвээрээ. Дунд албан тушаалынхан ард түмнээ дарамталдаг, шахдаг. Татварын цэнхэр дэвтэр ч дарамт болж байна. Эдийн засгийн өсөлт саарч дифляцид ороод байгаа энэ хүнд үед жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мөнгөгүй болж, өрөнд орж байхад НӨАТ-ын хуулиар далайлгаж болохгүй. Өөрийгөө яая гэж байгаа дэлгүүрийг НӨАТ-ын машин гэдгээр дарамталж, тэр нь цаанаа давхар бизнес болж байна.
-Хаврын чуулган эхэлмэгц “Шударга ёс” эвслийн гурван сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина гэх мэдээлэл гарсан. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Намын ажил, УИХ-ын гишүүний ажлыг өрөө тасалгаанаас хийдэггүй. Ард түмнийхээ дунд явж ажилладаг ажил. Миний хувьд сүүлийн 20 гаруй хоног ард иргэдтэйгээ уулзаж явлаа. Тийм болохоор энэ асуудлыг сонин хэвлэлээс л харсан. Албан ёсоор нам дээр ярьсан зүйл байхгүй.
-МАХН, МАН ирэх сонгуульд эвсэж орох тухай ярьж байгаа. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-МАХН, МАН-ыг хамтрах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол зөвхөн миний хувийн байр суурь биш хоёр намын гишүүд дэмжигчдийн хүсэл юм.
-Эрүүл Мэнд Спортын сайдын асуудлыг танай нам ямар түвшинд ярьж байгаа вэ?
-Эрүүл Мэнд Спортын сайдыг томилох ёстой. Одоогоор энэ салбарын сайдыг Шадар сайд орлож байгаа ч сайдыг томилох нь зүйтэй. Яагаад гэвэл Шадар сайд зуд турхан, үер аваар, түймэр гээд маш их ажилтай байдаг. Тийм учраас энэ их ажлын хажуугаар эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгаа нь зөв гэж үзэхгүй байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал