Азид Ардчиллын сүлжээг бий болгох асуудлыг хөндөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-02-26 16:40:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатарын Ардчиллын форум-2019” зөвлөлдөх уулзалт өнөөдөр Холидей Инн зочид буудлын “Ballroom” танхимд болж байна.

Энхтайван, хүний эрх болон ардчиллыг хангах бүсийн хэмжээний зөвлөлдөх уулзалт энэ удаа “Ази дахь энхтайванч, шударга, оролцооны нийгмийн төлөө” сэдвийн дор БНСУ-тай хамтран ажиллах хүрээнд Ардчиллын хамтын нийгэмлэгийн байнгын нарийн бичгийн дарга (PSCD), Азийн ардчиллын сүлжээ (ADN), Азийн хөгжлийн холбоо (ADA)-ноос хамтран зохион байгуулж байна.

Гурван өдөр хуралдах олон улсын энэхүү форумд таван тивийн төлөөлөл болсон 100 гаруй оролцогч цуглараад байна. Форумд Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар оролцов. Тэд форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2015 оны зургадугаар сард зохион байгуулсан Азийн Сайд нарын уулзалтаас Азийн ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн сүлжээг бий болох үзэл санааг гаргаж, Ардчиллын хамтын нийгэмлэгийн даргалагч байсны хувьд Улаанбаатарын Ардчиллын форум нь тун чухал уулзалт гэдгийг онцолж, үүнийг Монголын Засгийн газраас дэмжиж буйг илэрхийлсэн юм.


Энэ удаагийн Улаанбаатарын Ардчиллын форум нь Ази тивд ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвх чухлыг онцлон Азид ардчиллын сүлжээг бий болгох асуудлыг хөндөж байна.


Тэгээд ч дэлхий нийтээр тунхаглан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилтын 16-д заасан “Энхтайван, шударга ёсыг цогцлоох”-ын төлөө нийтээрээ хуран чуулж буйг тодотгож байна. Монгол Улсын хувьд, Засгийн газраас 2005 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтын есдүгээр болох “Хүний эрхийг бэхжүүлж, ардчилсан засаглалыг дэмжих” зорилт нь одоогийн Тогтвортой хөгжлийн зорилтын “Энхтайван, шударга ёсыг цогцлоох”-ын үүсэл гэдгийг онцлон авч үзэж буйг өнөөдрийн форумын үеэр илэрхийлж байв.


Улаанбаатарын Ардчиллын форум-2019” зөвлөлдөх уулзалтад Азийн ардчиллын сүлжээ (ADN)-ний төлөөлөгч, хатагтай Су Ёон Су, Ардчиллын Хамтын нийгэмлэг буюу “Community of Democracies (CoD)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Томас Е.Гаррет, Азийн хөгжлийн холбоо (ADA)-ны удирдах хорооны гишүүн, ноён Сун Сарон, Монгол Улсын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Хүний эрхийн хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож, ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Нугармаа, иргэний нийгмийн байгууллагын  төлөөлөл оролцож байна.


Тодруулга: “Улаанбаатарын Ардчиллын форум-2019(UBDF) нь олон улсын хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт бөгөөд анхны форум болох “Бусан-Ардчиллын форум” (BuDF) нь “Ази дахь энхтайванч, шударга оролцооны нийгмийн төлөө” гэсэн сэдвийн дор 2018 оны нэгдүгээр сарын 22-24-нд БНСУ-ын Бусан хотноо мөн болсон юм.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ