Эмэгтэйчүүдийн ТББ-ууд нэгдсэнээр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд ажиллах тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 12:55:26

Завхан аймгийн “Өрнөх хөгжил” эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулагуудын сүлжээний тэргүүн, Хүний их эмч, Анагаах ухааны магистр, Нийгмийн удирдлагын менежер М.Дуламжавтай уулзаж эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу?  Завхан аймгийн эмэгтэйчүүдийн ТББ-ууд нэгдэж аймагтаа чамгүй олон үйл ажиллагаанд хамтран оролцож байна. Танай сүлжээний зорилго чухам юу вэ?

-Завхан аймгийн эмэгтэйчүүдийн ТББ-уудын эмэгтэйчүүд бидний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдран үр хүүхдээ өсгөх” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ нийгэм маань шударга, ариун байж, амьдрах орчин эрүүл тунгалаг болж, эх орон маань цэцэглэн хөгжиж, улс орон маань “улсын дайтай улс” байгаасай гэх нийтийн эрмэлзэлд нэгддэг. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг сонгоод 20 гаруй жил болсон ч нийгэм маань хүмүүнлэг байсангүй, иргэнлэг байсангүй, нийгмийн ялгаа улам бүр ихсэж, хүний мөс чанар улам муудаж, нийгэмд ёс бус үйлдэл нэмэгдэж, иргэдийн төрдөө итгэх итгэл буурч, амьдарч байсан газар нутгаа алдаж, тусгаар тогтнол амьдрах эрхийн баталгаа нь буурсаар байгаа нийгмийн энэ ороо бусгаа цаг үед Эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулагууд нэгдэн ажиллах болсон юм. 

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн байгууллага олноор байгуулагдаж тэд эрхээ, үүргээ мэдэж нийгмийн харилцаанд идэвхитэй оролцдог болж?

-Тийм ээ. 1990-ээд оноос хойш эмэгтэйчүүдтэй холбогдох асуудлаар олон төрийн бус байгууллага байгуулагдан ажиллаж, эмэгтэйчүүдийг хамгаалах, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн хэдий ч эмэгтэйчүүдийн асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш, сум, багийн эмэгтэйчүүдийн чадамж сул, тэдний чадамжийг дээшлүүлэх, өмчийн аль ч хэлбэрийн эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих талаар тодорхой ажил хийгддэггүй. Хүн амын эмзэг хэсэг болох өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ээлтэй тусламж, үйлчилгээ дутагдалтай, эмэгтэйчүүдийн гэр бүлээ төлөвлөх, эсэн мэнд амаржих, өсвөр үеийг бэлгийн амьдралд бэлтгэх туршлага бага байна. 

Мөн эмэгтэйчүүдийн гэр бүлийн дотор эзлэх нийгмийн байр суурь бага, гэр бүлийн хүчирхийлэл бухимдал ихтэй орчинд амьдардаг, энэ талаар нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ орон нутагт явагддаггүй. Эмэгтэйчүүд өөрсдийн төлөөллийг төрд илгээх туршлага бага, энэ талаар иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо дэмжлэг сул байсан үед 2006 оны 10-р сард Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйлчилгээ үзүүлдэг Хүний эрх хөгжил төв, Ардчиллын боловсролын төв, Зохистой хөгжил жендэр төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Иргэдийн алъянс төв зэрэг төрийн бус байгууллагуудын туршлагыг судалж, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, эрхийн асуудлаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлснээр бидний нүд нээгдэж, цагаан атаархал өвөрлөн орон нутагтаа ирж, иргэний нийгмийн байгууллага ахлан ажиллаж байгаа эмэгтэйчүүдтэйгээ уулзан нэгдэж ажиллахаар шийдсэн юм. Үүнээс хойш манай аймгийн эмэгтэйчүүд нэгдэж хамтран ажиллаж байна.

-Манай нийгэмд эмэгтэйчүүдийн үнэ цэнэ ямар түвшинд байна вэ?

-Бидний амьдарч байгаа нийгэмд эмэгтэйчүүдийн үнэ цэнэ ихэнх тохиолдолд хэрэглээ талаасаа юу идэж ууж, юу өмсөж зүүв гэж бусдад харагддаг. Үнэн хэрэгтээ мөнөөх нийгмийн гишүүн бүрийнх нь өмнө байдаг “хүний дай”-ны , “айлын дай”-ны амьдралыг хэмжих нэгж чанаржаад хүний ердийн нэг хэрэгцээнээс илүү чанарлаг, өөрийнхээ үнэ цэнийг тодорхойлох тал руу нь хандах болж байгаа ч хүний үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, хүн хүнээ хайрлах хүнлэг ёс, хүний мөс чанар өдрөөс өдөрт улам муудсаар байна. 

-Танай сүлжээ эмэгтэйчүүдрүү чиглэсэн ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Хэдийгээр бидэнд анхаарах болон шийдвэрлэх асуудлууд олон байсан ч “Өрнөх хөгжил” сүлжээ нь эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлүүд болох шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх,  давхар бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадваржуулах, орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах асуудлууд дээр төвлөрөн ажиллахаар шийдэж аймагт үйл ажиллагаа явуулж байсан эмэгтэйчүүдийн 15 төрийн бус байгууллагын эмэгтэйчүүд ”Өрнөх-хөгжил” сүлжээ байгуулан ажиллаж эхэлсэн юм. Ингээд 2008 онд Аймгийн ИТХ-д 20 эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүд бие биентэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, хэн хаана дэвших гэж байгаа талаарх мэдээллийг олж авч зохицуулж чадсанаар 9 эмэгтэй сонгогдсон нь төлөөлөгчдийн 27.8 хувийг эзэлж бидний анхны амжилт болж байсан. Тэгээд сонгуульд нэр дэвшиж сонгогдсон эмэгтэйчүүдээ анхдугаар хуралдааны өмнө хүлээн авч уулзан баяр хүргэж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орох, бодлогын хороодын даргаар сонгогдоход бие биенээ дэмжих, нөлөөллийн ажил явуулснаар аймгийн ИТХ-ын бодлогын дөрвөн хорооны даргаар эмэгтэйчүүд сонгогдож, тэргүүлэгчдэд гурван эмэгтэй төлөөлөл орсон нь тэргүүлэгчдийн 33 хувийг эзэлж, ИТХ-ын нарийн бичгийн даргаар эмэгтэй төлөөлөгч сонгогдож чадсан.

-Орон нутагт удирдах өндөр албан тушаалд эмэгтэйчүүд ажиллаж чадсан уу?

-Тэгэлгүй яахав. Сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаал өөрчлөгдөх үед аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга нартай лобби уулзалт хийж аймгийн Засаг даргын орлогчоор манай сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн ажилласан.  Улмаар “Эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр, олон нийт, иргэний нийгмийн байгуулагын оролцоо” бодлогын баримт бичгийг боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн, аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулан, уг баримт бичигтээ эмэгтэйчүүдийг хөгжүүлэхэд төрийн байгуулага юу хийх,  Иргэний нийгмийн байгууллага яаж оролцох талаар төлөвлөгөө гаргаж багагүй хугацаанд хамтран амжилттай ажилласан.

-Тэгвэл эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очсоноор орон нутагт юу өөрчлөгдөв?

- Эмэгтэйчүүдийг эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд дэх оролцоог нэмэгдүүлэх талаар ярихад эсрэгээр ойлгож, юу дутсан гэж тэгдэг байна, толгой дээр гарах нь гэж хүмүүс боддог байсан. Эмэгтэйчүүд нь эрчтэй, хүчтэй, идэвхтэй байна гэдэг нь ардчилал амжилттай хөгжиж байгаа гэсэн үг гэдгийг ойлгодоггүй байсан ойлголт нэмэгдсэн.

 Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах үйл явцад эмэгтэй эрэгтэй хүн бүрийн оролцоо байхгүй бол жинхэнэ ардчилал гэж байхгүй. Тэгвэл бид юу хийж чадах, өөрсдийгөө яаж өөрчлөх, зөв таниулах, эмэгтэйчүүдийн мэдлэгтэй, чадвартай, хүчирхэг байгааг нийгэмд яаж таниулж хүндлэл хүлээх вэ? гэхээр юуны түрүүн өөрсдийн давуу тал, боломжоо нээх, сул талаа давуу тал болгон давуу тал дээрээ тулгуурлан хөгжихийг зорьж, давуу талаа дараах байдлаар томьёолж байсан. 

Үүнд: Эмэгтэйчүүд бид зарчимч шударга, урвагч биш, эмэгтэйчүүд ажлыг дороос нь эхэлж, бүх шат дамжлагыг нь дамжсан байдаг, анхан шатны намын байгууллага, сонгуульд анхнаас нь ажилладаг, олон хаалга тогшиж, их ажиллаж сурсан, итгэл үнэмшлээрээ сонгосон намаа сольдоггүй, тууштай байдаг, хүний нөөцийн хувьд боломжтой, нийгмийн идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй, хамтран ажиллах сэтгэл санаа нэгдсэн, төрийн болон олон улсын байгууллагын дэмжлэг авах чадвар, боломжтой, хүсэл зорилгоор нэг зүг тэмүүлж байгаа, орон нутгийн тулгамдсан асуудлаа мэддэг, төр засагтай ажиллах ажлын уялдаа холбоо сайтай гэж үзэж байлаа. Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа болон сүлжээний байгуулагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар тогтмол мэдээлэл солилцож, хөрш зэргэлдээх баруун аймгуудын эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалтыг аймагтаа анх удаа зохион байгуулсан.

-Ер нь орон нутагт эмэгтэйчүүд хүндэтгэл хүлээж амжилттай ажиллахын тулд яах вэ?

-Орон нутаг үндэсний хэмжээнд асуудлаа тодорхойлон эвлэлдэн нэгдэж, эмэгтэйчүүдийг чадавхжуулан нэгдмэл ойлголтонд хүрэх, бусдаас суралцах, мэдсэн сурсан зүйлээ бусдад хүргэх, туршлагаа солилцох, нөлөөллийн ажлыг үр дүнтэй явуулах, зохистой арга барилд суралцах хэрэгтэй. Мөн бидний мэддэгээр бүх эмэгтэйчүүдийг багтаадаг “Эмэгтэй хүн” гэж хэн вэ? гэсэн ойлголтыг хэлэлцэх, шинээр мэдлэг авч өөрийгөө дахин нээх, эмэгтэйчүүдийн соёл уламжлал хүчирхийллийн асуудалд хандахдаа бодитоор, олон талт үзлээр, нийгмийн олон давхаргын эмэгтэйчүүдийг харгалзан үзэж ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх сүлжээг дэлгэрүүлэх, эмэгтэйчүүдийг эрхийн болон жендерийн тэгш байдлын асуудлаар хууль эрх зүйн өөрчлөлт хийх санал өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд үргэлж өөрсдийгөө чадавхжуулж, соёлын талаар хэлэлцүүлэг зохиох, шилдэг туршлагуудыг багцлан гаргах.  Орон нутаг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бодлогоо сайжруулахын тулд олон нийт, эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулах, тэдгээрийн орон зайг бий болгох, хүний эрхийн төлөө ажилладаг эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх, хувь хүний аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал юм.  

-Өөрийн гэр бүлдээ нөлөөтэй эмэгтэй нийгэмд сайн нөлөө үзүүлнэ гэдэгтэй та санал нийлэх үү?

-Айл өрх, гэр бүлийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх гэрийн эзэгтэй нарын сайн нөлөөлөл хэдий чинээгээр их байна төдий чинээгээр тухайн айл өрхийн тав тух, хүүхдийн хоолны тэжээллэг чанар, эрүүл мэнд, боловсролд нь эерэгээр нөлөөлдөг төдийгүй хүүхдийн хүмүүжилд сайн нөлөөтэй байдаг.  Яг үүн шиг хүйсийн тэгш байдлыг хангахгүйгээр, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд оролцуулахгүйгээр шударга ёс, тэгш байдал, энэрэнгүй үзэл, сайн засаглал, хариуцлагатай байдал нийтийн төлөө байж нийгэмд, гэр бүлд, олон нийтэд ээлтэй нийгмийг бий болгож чадахгүй. Тийм учраас л эмэгтэйчүүд гэрээ зассан, гэрийн доторхи бодлогоо зөв боловсруулж, шийдэж чадсан байдаг. Ер нь бол санал нийлнэ.

-Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэж ярьдаг. Тиймээс улс төр эмэгтэй хүнд зохихгүй ахадна гэж?

-Эмэгтэй хүйс гэдэг бол улс төрд оролцоход саад болох ёсгүй. Олон нийтийн 77 хувь нь эмэгтэй хүн улс төрийн алба хаших нь зөв гэж үзэж байна. Яагаад оролцох хэрэгтэй гэж? Яагаад гэвэл өнөөдөр манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэр алдагдсан байна. Бидний оролцоогүйгээр бидний асуудал шийдэгдэхгүй. Мөн манай улс хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм төлөвшүүлж байгаа. Бидэнд байгаа асар их нөөцийг улс орны хөгжил дэвшилд дайчлахгүй байна.  Бидний сэтгэл зовоосон олон асуудал /ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн задрал, гэмт хэрэг хүчирхийллийн өсөлт, архидан согтуурах, эхийн эндэгдэл/ цогцоор шийдэгдэхгүй байна.  Улс төр бохирдож, давжаарсан учраас оролцох хэрэгтэй.  

-Тэгвэл эмэгтэйчүүд улс төрд яаж оролцох вэ?

-Эмэгтэй хүн улс төрд оролцож улс төрч болоход цаг ямагт суралцагч байж өөрийгөө өөрчлөн өнгөлж, хурцалж байх хэрэгтэй. Нэгэнт улс төрийн, нийгмийн зүтгэлтэн болох хувь заяагаа сонгосон бол, сонгохоор шийдсэн бол тухайн салбар хүрээний тоглоомын дүрмэнд захирагдаж, зохицон ажиллах хэрэгтэй болж байна.  Өөрөөр хэлбэл улс төрч болсон бол ухрах зам байхгүй урагшаа гишгэх хэрэгтэй. Харин яаж урагшаа гишгэх талаар үргэлж суралцаж, өөрийн үйл хэргийг улс орны, хүн амын, эмэгтэйчүүдийн нийгмийн хөгжлийн төлөө зориулан ажиллах хэрэгтэй болно. Эмэгтэй улс төрч байх нь нийгмийн төлөө үйл хэргээ зориулж байгаа учраас эмэгтэй хүний уян хатан бодлоготой байдаг гэсэн шинж чанараар бусад улс төрийн намуудын эрэгтэй эмэгтэй хүмүүстэй хамтарч ажиллаж сурах нь зайлшгүй чухал. 

Мөн улс төрийн зөв төлөвшилтэй, зөв хүн байх өөрөөр хэлвэл ухаалаг, өргөн мэдлэг боловсролтой, нямбай, найдвартай, эрч хүчтэй, ёс зүйтэй, улс төрийн хатуу байр суурьтай байх нь зөв.  Нийгэмд байр сууриа олсон эмэгтэйчүүд залуу эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болж тэдний үнэнч зөвлөгч нь байхын зэрэгцээ бусад эмэгтэйчүүдийг улс төрийн үйл хэрэгт оролцуулах гүүр нь болж ажиллах нь чухал юм.

-Тэгвэл эмэгтэйчүүдэд давуу тал их бий гэсэн үг үү?

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах болон бодлого тодорхойлох түвшинд ажиласнаар нийгэмд хүнээ хайрлах, хүнээ хамгаалах, монгол хүний үнэ цэнийг өсгөх, хувь хүнийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Эмэгтэйчүүд нь эрчтэй, хүчтэй, идэвхтэй байна гэдэг нь нийгэм амжилттай хөгжихийн үндэс. Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах үйл явцад эмэгтэй эрэгтэй хүн бүрийн оролцоо байхгүй бол жинхэнэ ардчилал, шударга нийгэм, хариуцлагатай байдал, тэгш оролцоо боломж гэж байхгүй болно шүү дээ.  Эмэгтэйчүүдийн оролцоотой байж  нийгэм хөгжинө.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ