Халх голын ялалтын 80 жилийн ойд харилцан дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-22 17:42:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд  ноён И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус яамны зүгээс Оросын талтай хамтран хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар ярилцав.

Хал голын ялалтын ойн хүрээнд ОХУ-ын Соёлын орлогч сайд ноён Степановыг П.В. Монгол Улсад ажлын айлчлал хийхийг БСШУСЯ урьсан. Мөн Монголын уран бүтээлчдийн тоглолтыг ирэх 11 дүгээр сард Санкт-Петербург, Москва хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.   Мөн урлаг соёл, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад харилцан бие биенээ дэмжиж ажиллана гэдгээ хоёр тал илэрхийллээ.

Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хувьд Оросын Суурь судалгааны сантай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2019 онд нийтдээ 20 хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохироод байна. Сонгон шалгаруулалтыг 3 дугаар сараас эхлүүлнэ. Төслийн эцсийн сонгон шалгаруулалтыг оны эхний хагаст багтаан Оросын Суурь судалгааны сангийн хамтаар Улаанбаатар хотод хийнэ.

Биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аль аль талдаа ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр талууд ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбарын хамтын ажиллагаа. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг саяхан зарлаад байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт 500 монгол иргэн хамрагдах боломжтой юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын холбогдох яамтай хамтран эрх зүйн актыг эргэн харах хэрэгтэй гэсэн саналыг ноён Элчин сайд тавилаа.

 

Холбоотой мэдээ