Монгол, Японы боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БСШУС-ын
сайд Ё.Баатарбилэг, “Монгол-Японы боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад
баяртай байна. Япон улстай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр
дүн, Япон улсын Засгийн газраас салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол
Улсын Засгийн газар өндөр үнэлж ирсэн” гэдгийг онцлов.
БСШУСЯ нь Япон
Улсын буцалтгүй тусламж, зээлээр нийт 8 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтаар цаашид
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх
талаар талууд санал солилцлоо. Япон Улсын Коосэн загвар сургуулиудыг
Монгол Улсад хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд үргэлжлүүлэн
хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа БСШУС-ын сайд уламжлав.
Мөн “Токио-2020”
олимпын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. Баг тамирчдын хамтарсан бэлтгэл,
дасгалжуулагч солилцох, олимпод оролцох баг тамирчдын хувцас
хэрэгслийн асуудалд санаа тавин ажиллана гэдгээ ноён Элчин сайд Такаока Масато илэрхийлэв.