Баруун-Урт сум өөрийн гэсэн газар нутаггүй нь хүндрэл учруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/ Баруун-Урт сум нь 20 гаруй мянган хүн амтай, аймгийн төвийн сум. Төвийн найм, хөдөөгийн нэг багтай. Хөдөөгийн баг нь нийт малынхаа тоо толгойгоор улсад тэргүүлдэг. Гэтэл Баруун-Урт сум нь өөрийн гэсэн газар нутаггүй, хилийн цэсгүй явсаар 50 гаруй жил болжээ. Энэхүү асуудал нь малчдад маш том хүндрэл учруулдаг тул сум өөрийн гэсэн газар нутагтай болох нь зүйтэй гэдгийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах үеэр иргэд ярилаа.
Энэ талаар Баруун-Урт
сумын ИТХ-ын дарга Р.Алтаннар хэлэхдээ "Аймгийн төвийн сум газар нутаггүй
байдаг хүндрэл 21 аймагт яригдаж байгаа асуудал. Баруун-Урт сум хэдийнэ хотын
статустай болсон ч газар нутгийг зааглах, тогтоохын тулд тухайн сумын
иргэдээс санал авдаг зарчимтай. Баруун-Урт сумын хувьд Сүхбаатар сумын газар
нутаг дээр байдаг. Малчид нь Сүхбаатар, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдын
газар нутагт малаа маллаж байна. Сүхбаатар сумын иргэдээс саналыг нь аваад
тодорхой хэмжээний газар авъя гэхээр анхан шатнаасаа л ямар ч боломж байдаггүй.
Өнгөрсөн сард болсон үндэсний чуулганаар ч энэ асуудал маш хүчтэй яригдсан. Тиймээс
хэлэлцүүлгээр иргэдийн санал хүсэлтийг авч байна. Иргэдийн саналыг нэгтгэн дээш
уламжлах юм. Ер нь сум өөрийн гэсэн газар нутагтай болох асуудал маш чухал
байгаа. Монгол Улсын засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга
батлагдвал энэ асуудал тодорхой болно гэж харж байгаа" гэлээ.
Дээрх хэлэлцүүлгийг
аймаг, сумын ИТХ-аас зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт холбогдох төрийн
албаныхан болон багуудын иргэдийн
төлөөлөл оролцсон юм.
Өдгөө мөрдөгдөж буй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хууль нь 2006 онд батлагдсан ба үүнээс хойш 19 удаа өөрчлөлт оржээ.