Уугуул иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших нь нэн чухлыг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-21 10:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэй илгээлт гаргажээ.

Илгээлтэд, “Бидний хэл хаа сайгүй нулимсаа урсган уйлж байна, учир нь хүүхдүүд эх хэлээ хүндрэл бэрхшээлийнх нь хамт эзэнгүй орхиод байна” хэмээн Сенегалын яруу найрагч Усейно Гей Косаан өөрийн Волоф хэмээх шүлэгтээ өгүүлсэн байдаг.  

ЮНЕСКО-гийн хувьд, эх хэл болгон нийтэд танигдан, хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн бүхий л салбарт чухал байр суурь эзлэх нь зүй ёсны хэрэг хэмээн үздэг. Гэсэн ч газар бүрт ийм байдаггүй. Эх хэл нь үндэсний, албан ёсны эсвэл, сургалтын хэл болоогүй тохиолдол их байдаг. Энэ нь эх хэлний ач холбогдлыг сааруулж, цаашдаа тухайн хэлийг устах аюулд хүргэдэг.

Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглж буй 20 жилийн ойн босгон дээр бид дэлхийн бүх эх хэлний амин чухлыг ямагт санан, тэдгээрийн энх тайвныг цогцлоох, тогтвортой хөгжлийг дэмжихэд оруулж буй хувь нэмрийг ухаарууштай юм.

Сургуульд суралцах эхний жилүүдэд унших, бичих, тоо бодох зэрэг үндсэн чадварыг эзэмшин бичиг үсэгт тайлагдахад эх хэл чухал үүрэгтэй. Эдгээр чадвар нь хувь хүний хөгжлийн үндэс суурь болдог билээ. Эх хэл нь тухайн үндэстний уламжлах, бүтээх сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл төдийгүй мэдлэг, инновацийн эх булаг юм.

Ер нь олон зүйлийг хийх шаардлагатай байна. Эх хэлээ сургуулийн бага ангид үзэж чаддаггүй байдал цөөнгүй бий. ЮНЕСКО-гийн судалгаагаар, дэлхийн хүн амын бараг 40 хувь нь өөрийн ярьж, ойлгодог хэлээр сурч чадахгүй байна. Хэдийгээр эх хэл нь хүний суурь олон чадварыг эзэмшихэд ихээхэн ач холбогдолтойг баталсан судалгааны үр дүнг үл анхаарсан хэвээр байна.

Уугуул иргэдийн эрхийн тухай НҮБ-ын тунхаглалд заасанчлан уугуул иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших хүсэлтэй байгаагаа байнга илэрхийлж байдаг. 2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Олон улсын эх хэлний өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна.

Дэлхий дээр 370 сая орчим уугуул иргэд байдаг ба тэдний дийлэнх нь өдгөө хэрэглэгдэж буй 7000 гаруй хэлээр ярьж байна. Олон уугуул иргэд бусдаас ялгаварлан гадуурхагдаж, хэт ядуурч, эрх нь зөрчигдсөөр байна.

Хэнийг ч ардаа үл орхихгүй байхыг уриалсан Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын хүрээнд, уугуул иргэд өөрсдийнхөө хэлээр боловсрол эзэмших нь нэн чухал юм.

ЮНЕСКО-гийн гишүүн орнууд болон боловсролын түнш байгууллагуудад уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрч, мөрдлөг болгохыг Олон улсын эх хэлний өдрөөр уриалж байна” хэмээжээ.

 

Холбоотой мэдээ