Архангай аймаг хүүхдийн хөгжил, хамгаалалд 590 гаруй сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-21 15:35:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь 2018 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 0-18 хүртэлх насны  33961  хүүхэдтэй байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 35.5  хувийг эзэлж байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд  улсын төсвөөс 73.9 сая,  орон нутгийн төсвөөс 111,0 сая, олон улсын байгууллагын дэмжлэгээр 145,0 сая, нийгмийн хариуцлагын хүрээнд 100.0 сая, нэмэлт санхүүжилт 118.0 сая, УИХ-ын гишүүн  2 сая, үйл ажиллагааны орлого 45.0 сая гээд нийтдээ 594,9 сая төгрөгийг зарцуулж, үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн байна.


Аймгийн Хүүхдийн төлөө  зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүргийн хүрээнд 2018 онд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаарх орон нутгийнхаа бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлсэн байна.


Хүүхдийн хөгжих, хамгаалуулах орчин нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч “Тамир” кино театрын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчилж, орчин нөхцлийг сайжруулсан, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны барилгын асуудлыг Жэрэс олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэсэн, гэр бүлд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх гэр бүл зөвлөгөө өгөх төв зэргийг байгуулан ажиллажээ.


Аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхнасан зөвлөлийн энэ оны анхдугаар хуралдааны үеэр “Хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрх зүйн орчин сайжирч тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Энэ нь нэг талаараа хуулийн хэрэгжилттэй холбоотой хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлт нэмэгдэж байгаа гэж ойлгож болохоор байгаа хэдий ч салбар дундын хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголт хандлага, эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал хяналт, үүрэг хариуцлага сул байгааг харуулж байна. Ялангуяа бэлгийн хүчирхийллийн улмаас  8 хүүхэд хохирсон байгаа нь өмнөх оноос 50 хувиар өссөн байна. Иймээс хууль, тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулах нь нэн шаардлагатай байна” хэмээн онцолсон юм.


Энэ хүрээнд Улсын Их Хурлын байнгын хорооны “Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” , Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого батлах тухай” тогтоолуудын хэрэгжилтийг хангахад анхаарч, энэ жилийн үйл ажиллагаагаа  “Хүүхэд хамгааллын үйлчилгээ”-нд  чиглүүлэн ажиллахыг зөвлөлийн гишүүдэд чиглэл болголоо.

Холбоотой мэдээ